Олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, 500 гаруй мянган дагагч гишүүдтэй “Дэлхийгээр аялагчид ворлд вандерерс” групптэй Гадаад харилцааны яам хамтран ажиллахаар болжээ.

Хамтран ажилласнаар Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг улам сайжруулах, иргэдийн хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх замаар эх орноо гадаадад сурталчлахад томоохон түлхэц үзүүлэх ач холбогдолтой болох гэнэ.

ГХЯ, “Дэлхийгээр аялагчид ворлд вандерерс” ХХК нь хилийн дээс алхаж, гадаад улсыг зорьж буй монгол иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэх, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 17-ны өдөр байгуулсан байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ГХЯ-наас АНУ болон БНСУ-ын Элчин сайдын яамдтай хамтран 2017 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны цар хүрээг өргөжүүлэх, гадаадад зорчих иргэдэд албан ёсны мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг түгээх, “Үүргэвчтэй аялал – 2” нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хамтран ажиллана гэж ГХЯ-наас мэдээллээ.