Элон Макс сансарын аялал ярьж Ангараг гараг дээр амьдрал эрж, ирэх жилээс жолоочгүй анхны робот таксиг явуулахаар төлөвлөж байна.  Хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой анхаарч буй Хятадын эрдэмтэд хүний толгой шилжүүлэн суулгах мэс засал хийж, Финландын бага сургуулиудад робот туслах багшийн үүргийг гүйцэтгэж байна. София хиймэл оюун ухаант робот Саудын Араб улсын иргэн болж охинтой болохыг хүсдэг талаараа ярилцав. 


Хэдхэн жилийн уран зөгнөл мэт санагдаж байсан бүхэн биелэлээ олжээ. 

Тэр байтугай хүний л хийж чадах бүтээлч сэтгэлгээ шаардах ажлуудыг хүртэл робот хийгээд эхэлчихэж. Японы утга зохиолын хамгийн алдартай шагналд хүртэл хиймэл оюун ухаант роботын бичсэн богино хэмжээний өгүүллэг эхний шатны шалгаруулалтыг давсан гэдэг. Найруулагч нар ааштай оддын учрыг олох гэж,  олон сая долларын гэрээ хийх гэж шаналах зуур хэзээ ч хөгширдөггүй, гомдолдоггүй, үүнийхээ төлөө мөнгө хөлс авахгүй жүжигчид гараад ирэх нь тэр. “Iron man” кинонд жүжигчин Роберт Дауни гэхэд өөрийнх нь бодит хэсгээс илүү компьютер хувилбараараа олон гардаг шүү дээ. Гэхдээ жүжигчид бүр ч хэрэггүй болчихгүй л болов уу. Нэгэнт танигдсан жүжигчид өөрсдийнхөө нүүрний 3D дүрсээ технологийн компаниудад зарна, тэр дүр төрхийг ашиглаад кино хийчихнэ гэсэн үг.


Үйлдвэрлэлийн салбар дээр хангалттай жишээ олон бий. Сүүлийн 60 жилд автоматчлалын ачаар ердөө ганцхан ажлын байр алга болгосон нь цахилгаан шатны операторчин. Гэтэл ирэх 20 жилд хиймэл оюуны ухааны хөгжлийн “ачаар” 700 гаруй ажил мэргэжил алга болно гэдгийг Оксфордын их сургуулийн судлаачид таамаглажээ. Ойрын ирээдүйд одоо байгаа ажлын байрны 45 хувь нь алга болж төдий тооны хүмүүс шинэ эринд халаагаа өгөх нь. Бүр мөсөн халаагаа өгдөггүй юмаа гэхэд хагас автомат болно гэдгийг ирээдүй судлаачид хэлж байна. 



Хүмүүс бид хүссэн ч эс хүссэн ч 21 дүгээр зуунд техник, технологийн хөгжлийг тодорхойлох шинжлэх ухаан болох хиймэл оюун ухаан эрин үе ирчихлээ.


Өнөөдөр бүх салбарт мэдээлэл технологи нэвтэрчихлээ. Тэр бүхний ард дата бий. Хиймэл оюун, датагаас хамааралгүй бизнес үлдэхгүй нь.


Дэлхийн улс орнуудын хөгжлийн суурь нь дата дээр яригдаж байна. Америк гэхэд бүх шийдвэрээ статистик мэдээ дээр тулгуурлаж гаргадаг. Үүнийг ухаалаг засаглал гэж нэрлэдэг. Саудын Араб гэхэд худалдааныхаа салбарт маш сайн мэдээллийн систем суурилуулж чадсан улс гэдгээрээ гайхагддаг. Тиймдээ ч 3-хан сая хүн амтай хэрнээ жилдээ 30 сая жуулчин хүлээж авдаг. Тэд датаг боловсруулж жуулчид юунд мөнгө зарсныг харж хөрөнгө оруулалтаа хаана хийхээ төлөвлөдөг. Нууц нь ердөө дата.


Хиймэл оюун ухаан, датаны хүчээ хамгийн эрчтэй хөгжиж байгаа салбарын нэг нь банк санхүү. Ирээдүйд салбар нэгжтэй банк нэг ч байхгүй нь тодорхой болчихлоо. Финтекийн давалгаа уламжлалт банк санхүүгийн салбарт цочроо өгч байна. Хамгийн том гэгдэж буй банкууд ч орчин үеийн технологийн өрсөлдөөнд оролцохгүй ялагдах уу эсвэл финтек болох уу гэдэг нь цаг хугацааны асуудал юм.

Зуун дамнасан үнэ цэнтэй компаниуд хиймэл оюун ухаан, датад ялагдаж буй энэ үед мэдээлэл технологийн салбарт Монгол бусад улсуудтай нэгэн зэрэг гараанаас эхлэх шинэ бизнес бий болгох боломжийг бүрдүүлж байна.


Хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тоо хэдийн гарчихсан.


Хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжихийн хэрээр энэ салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ хурдтай өсөж цоо шинэ ажил мэргэжлүүд ч гарч байна.


Тийм ч учраас улс орнууд эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхийн тулд шинэ үеийн технологийг хөгжүүлэхээр хамгийн эхлээд боловсролын салбартаа шинэчлэл хийгээд эхэлчихлээ. Тухайлбал Хятадын эрх баригчид улсынхаа 35 их сургуулийн сургалтад “хиймэл оюун ухааны мэргэжилтэн” бэлтгэх хөтөлбөр оруулжээ. АНУ-ын зарим мужид програмчлалын хичээлийг бага ангиас заагаад эхэлчихсэн. Ингэснээр хүүхэд бүр багадаа програмчлалын хэл сурахаас гадна бүтээлч сэтгэлгээ, тунгаан бодох урлаг, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах эрдэмд суралцдаг байна. 


Израйл гэхэд инновацийг хөгжүүлэхийн тулд дунд сургуулиас нь мэдээлэл технологийн боловсрол олгоод эхэлчихсэн. Тэд залуу үеэ ирээдүйд сэтгэл хүч гарган бэлдэж байна.  Нэгэнт код бичээд сурчихсан залуус армид албаа хаахдаа хүртэл ажлын захиалга авч суудаг. АНУ-д гарахын өмнө ихэнх технологиуд энэ улсад ийм хэлбэрээр өсөж торнидог. 


Ингэж бэлтгэгдсэн шинэ үеийнхэн өнөөдөр дэлхийн технологийн салбарт цахиур хагалж тэргүүлэгч зүйлсийг гаргаж ирж байна. Гэхдээ энэ бол хэдхэн технократуудын хийх ажил биш. Улс орнууд холыг харж бодлого болгон хэрэгжүүлэх ажил учраас өнөөдөр бодлого боловсруулагчид ухаалаг гарцыг эхлүүлэх учиртай. Бид дов жалга, уул уурхайн хэдэн толгой ярьж, булаалцалдаж суух хооронд дэлхий нийтээрээ  шинжлэх ухаан технологийн шийдэл ярьж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал явагдаж мэдлэгээр  үнэ цэнийг бий болгож хөгжлөөрөө хол тасрах нь. Үүнийг л бид нар ухамсартайгаар ойлгож боловсролыг салбарт шинэчлэл хийх хэрэгтэй байна.


Иймээс цаг алдалгүй боловсролын системээ өөрчлөн, ЕБС-д тусгайлсан хөтөлбөр боловсруулж STEAM буюу шинжлэх ухаан, технологи, програмчлалын хичээлийг оруулах нь цаг үеийн шаардлага болчихож. Ингэж гэмээн олон улсад монгол хүний өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ, ирээдүйн ажлын байрандаа ч бэлтгэгдэнэ гэсэн үг.

 

Хаа очиж манай монголчууд дэлхийн бусад орнуудаас илүү шинэ зүйлийг хэрэглэж, түүнийгээ туршиж, ойлгохын төлөө нийтээрээ хичээдэг том давуу талтай ард түмэн. Тэгэхээр хөрс суурь нь хангалттай байна.