БНСУ-ын Дэгү хот дахь Шинчёнжи хэмээх Христийн сүмийн итгэгч нар коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон билээ. Ийнхүү тус улсад короновирусийн тархалт хэдхэн хоногийн дотор эрчтэй өсөж байна.

Тэгвэл энэхүү сүмийн итгэгч, пасторууд халдвар авахаасаа өмнө буюу 12 дугаар сарыг хүртэл БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шашны үйл ажиллагаа явуулдаг байсан талаар South China Morning Post мэдээлжээ.

Шинчёнжи сүмийн Ухань хот дахь сүм 200 гаруй гишүүнтэй юм. Гишүүдийн нэг 28 настай цэцэрлэгийн багш бүсгүй "Вирусийн талаарх мэдээлэл 11 дүгээр сард тархаж эхэлсэн. Гэхдээ хэн ч үүнийг нухацтай хүлээж аваагүй. Зарим нь онлайнаар номлолоо сонсож байсан. Би тэдний нэг" хэмээн ярьжээ.

Шинчёнжи сүм нь 250 мянган итгэгчтэй христийн этгээд урсгалыг баримталдаг хэмээн үздэг. Уг сүмийн болон урсгалыг үндэслэгч пастор Ли Ман Хи нь өөрийгөө Есүс Христийн хоёр дахь дүр хэмээн үздэг аж.

Хятадын эх сурвалжид уг сүмийн итгэгчид 20 мянган орчим хэмээн мэдээлсэн байна. Тэд голдуу Бээжин, Шанхай, Далиан, Шинян зэрэг томоохон хотуудад бий гэнэ. Эдгээр итгэгчид хөл хориог үл харгалзан сэмхэн уулзалдаж мөргөл үйлдсээр байгаа аж.

Солонгосын засгийн газраас вирусын халдвар тархсантай холбогдуулан бөөнөөр нэг газар цуглах, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргасан боловч сүм цуглааныг хаасныг эсэргүүцсэн хөдөлгөөн болсон байна.Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 1146 болж нас барсан хүний тоо 11 болж бүртгэгдсэн талаар South China Morning Post мэдээлэв.