Өнөөдөр дээрхийн Гэгээнтэн Далай Данзанжамц мэндэлсэн өдөр юм. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1935 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь "Тусыг бүтээгч охин тэнгэр" гэсэн утгатай ажээ. Такцэр (Хүрхрэгч бар) тосгон бол уулын орой дээр орших жижиг ядуувтар суурин бөгөөд уулын орой дээрээс доош өргөн хөндий цэлийн харагдана.

Олон жилийн турш энэ газар хэн ч сууршин сууж, газар тариалан эрхэлж байгаагүй ба зөвхөн нүүдэлчин ардууд л бэлчээр болгон ашиглаж байжээ. Үүний шалтгаан нь энэ нутгийн цаг уур урьдчилан мэдэхийн аргагүй ширүүн байдагтай холбоотой. Дээрхийн Гэгээнтэн "Цөллөг Дэх Эрх Чөлөө" номондоо өөрийн бага үеийн тухай дурсахдаа: "Намайг бага байх үед манай гэр бүлийнхэн энэ ширүүн газарт амь зуух гэж зориглосон хориод зоригт хүмүүсийн нэг байсан юм даа." гэж бичжээ.

Далай Ламын эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байв. Түүний эцэг дундхан нуруутай, хурц ааштай хүн байжээ. Дээрхийн Гэгээнтэн "Би нэг удаа түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шийтгүүлж билээ" гэж дурссан байдаг. Гэвч тэр сайн хүн байсан бөгөөд хэнд ч хэзээ ч муу санаа хадгалж яваагүй юм. Дээрхийн Гэгээнтэн ээжийнхээ тухай хэзээ нэгэн цагт уулзаж байсан хүмүүсийн дотор хамгийн сайн хүн байсан гэж дурсана. Түүний ээж нийт арван зургаан хүүхэд төрүүлснээс зөвхөн долоон хүүхэд амьд үлджээ.

Дээрхийн Гэгээнтний хоёр эгч, дөрвөн ах нь нялх насны хэцүү үеийг даван үлдсэн байна. Ахмад эгч Цэрэн Дулмаа түүнээс 18 насны ахмад байжээ. "Эгч маань ээжид гэр орон, аж ахуйд туслаж, бас төрөхөд тусладаг байсан юм. Намайг төрсний дараа эгч минь намайг гар дээрээ өргөн аваад миний нэг нүдний зовхи нээгдээгүй байгааг үзээд эрхий хуруугаараа нүдний зовхийг шууд хүчээр нээж онгойлгосон бөгөөд аз болоход сүүлд ямар ч муу үр дагаваргүй өнгөрсөн юм." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичсэн байдаг. Түвдэн Жигмэд Норбү хамгийн том ах нь бөгөөд Такцэр ринбочийн хойд дүрээр тодорсон ба удаах ах нь Лувсан Самдан юм. Хамгийн бага дүү Данзан Чойжал мөн Аари ринбочийн хойд дүрээр тодорсон байна.

"Намайг онцгой хүүхэд байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Нэг айлд нэгээс илүү хувилгаан төрсөн гэдэгт итгэхэд их л хэцүү, мөн намайг Далай Ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юм даа." гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ. 

Хэдийгээр түүнийг төрөх үед маш хүндээр өвдөөд хэвтэрт байсан аав нь ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй ажээ.

"Мөн надад хойшид намайг юу хүлээж байгаа бол гэх ямар нэгэн онцгой зөн совин төрдөггүй бөгөөд миний урьдын дурсамжууд ч маш энгийн байдаг. Жишээлбэл би зодолдож байгаа хүүхдүүдийн дийлэгдэж буй, хүч муу хүүхдийн талд ордог байсан юм. Би ээжийн хамт тахианы чингэлэгт өндөг түүхээр ороод тэнд хоцрон үлдэж байснаа санадаг. Тахианы үүрэнд сууж эм тахиаг дууриан дугарах явдал надад их таалагддаг байсныг санаж байна. Миний бас нэг дуртай зүйл бол бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байв. Хожим энэхүү баримтын талаар, бас ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг дурсацгааж, ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билгэ гэж ярицгаах болсон юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам бол өмнөх арван гурван Далай Ламуудын үе дараалсан хойд дүр (анхдугаар Далай Лам 1351 онд төржээ) бөгөөд түүнийг цагаан бадам лянхуа барьсан энэрэнгүй бодьсадва Жанрайсиг буюу Авалокитешварын дүр мөн гэж гэдэг. Үнэн хэрэгтээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нь Бурхан Багш Шагжтүвийн үед амьдарч байсан бярман хүүгээс эхэлсэн Жанрайсиг бурханы 74-р дүр юм. "Үүнд та үнэхээр итгэдэг үү гэж надаас үргэлж асуудаг. Хариу өгөхөд тун амар биш. Гэвч 56 настай байхдаа өөрийн одоогийн энэ амьдралын туршлага, мөн буддын шашинтний итгэл үнэмшилийн хувьд ч урьдын арван гурван Далай Лам нар болон Жанрайсиг бурхантай, мөн Бурхан багш Шагжтүвтэй оюун билгийн гүн холбоотой болох баримтыг төвөггүй хүлээн зөвшөөрч байгаа." хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдсан байдаг.

Түүний хэлсэн онч үгсээс хүргэж байна

* Оюун бодол цэгцтэй бол аз жаргалд хүрнэ

* Миний шашин маш энгийн. Би энэрэнгүй сэтгэлийг шүтдэг.

* Бид шашин, үзэл суртал, амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэгээ ч үгүйсгэж болно. Харин хүнд хайр энэрэл хэрэгтэйг хэзээ ч үгүйсгэж чадахгүй.

* Энэрэнгүй сэтгэл бол миний эрхэм шашин, эгэл үнэмшил. Үүнд сүм дуган, ээдрээтэй гүн ухаан, үзэл баримтлал, номлол сургаал хэрэггүй. Бодол сэтгэл маань бидний сүм ажгуу. Харин номлол нь энэрэнгүй үзэл юм. Ямар ч нөхцөлд, ямар ч хүн байсан, юу ч болсон бусдыг хайрлаж, тэдний эрх, нэр хүндийг дээдэлбээс өөр юу ч хэрэггүй.

* Хэн ч чамайг юу ч гэж хэлсэн чи “чи” хэвээрээ л үлдэнэ. Энэхүү үнэнийг бүү март. Амьдралыг хэрхэн туулмаар байгаагаа өөрөөсөө асуу. Хорвоод мэндэлж, хорвоогоос халихын үнэнтэй бид ямагт ганцаар нүүр тулдаг билээ. Үнэний цаг ирэхэд Будда ч бидэнд тусалж чадахгүй. Иймд хүссэнээрээ амьдрахад тань юу саад болж буйг сайтар тунгаа.

* Аз жаргалын жинхэнэ үндэс нь мөнгө, хүч чадал бус, халуун сэтгэл юм.

* Огторгуйн амьдралын хязгааргүйг бодоход хүний амьдрал гэдэг хумхын тоос билээ. Бид бүгд энэ орчлонгийн түр зуурын зочин. Тэрхэн өчүүхэн хугацаагаа аз жаргалгүй, хагаралдан өнгөрүүлэхээс утгагүй хэрэг байхгүй биз. Багахан хугацаагаа бусадтай нэгдэж, бүхний сайн сайхны төлөө зүтгэж, утга учиртай өнгөрүүлэх нь хавьгүй дээр.

* Өглөө бүхэн сэрэхдээ санагтун. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан. Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхий л зүрх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, даян дэлхийн сайн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна. Бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, бусдын тухай муу муухай бодолд автахгүй, уурлаж бухимдахгүй.

* Даян дэлхийн энх тайван сэтгэлийн амар амгалангаас эхтэй. Энх тайван гэдэг зөрчилгүй байгааг л хэлж байгаа юм биш. Миний бодоход энх тайван гэдэг энэрэнгүй сэтгэлийн цогц илэрхийлэл юм.

* Чимээгүй байна гээд үл тоож байна гэж, тайван байна гээд хүлээн зөвшөөрч байна гэж бүү бод, сайхан сэтгэлийг минь сул дорой байдалтай бүү эндүүр. Энэрэнгүй, өрөвдөн хайрлах чанар сул доройн бус, хүчтэйн илрэл.

* Чамд муу зүйл хийж, гэм хүргэсэн хүнийг үзэн ядах хэрэггүй. Харин ч үйлдлээрээ бусдад гэм хүргэхийн сацуу өөрийгөө мөн хорлож буй тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

* Хүн бүр, бидэнд дайсагнаж буй хүмүүс хүртэл зовохоос айн бидний адил аз жаргалыг эрж байдаг. Хүн бүр бага зовж, аз жаргалтай амьдрах эрхтэй. Иймд чин сэтгэлээсээ бусдыг хайрлая. Нөхдөө ч, дайснаа ч. Энэрэнгүй сэтгэл гэж үүнийг л хэлэх бус уу.

* Өнөөгийн нийгэмд боловсролыг зөвхөн ухаантай, мэдлэгтэй болгоход л чиглэсэн гэж үздэг нь буруу. Мэдлэг боловролын гол ач холбогдол нь биднийг зөв үйлдэл хийхэд сургаж, бодлыг цэгцлэх юм. Сэтгэлээ ариусгахад зориулах нь ухаан мэдлэгээ ашиглах хамгийн зөв хэлбэр.