Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийж, Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

Үүний дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "2019 оны 1 дүгээр 8-ны өглөө 06.00 цаг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд орон нутгийн нийтийн тээврийн том оврын автобус осолдож, ноцтой аваар гарлаа. Ослын улмаас 2 жолооч газар дээрээ нас барж, 31 хүн бэртэж гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага болон төвөөс бүрэлдэхүүн очиж, хэргийн газарт үзлэг явуулж байна. Бэртэж гэмтсэн хүмүүст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээг эмнэлгийн байгууллагатай хамтран явуулж байна.

Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор БНХАУ-ын Эрээн хот болон орон нутаг руу зорчих байдал нэмэгддэг. Зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянан хангаж, хурд тохируулах явахыг анхааруулж байна.

Мөн үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас энэ хэргийг илрүүлэх арга хэмжээ авч ажиллалаа. Шалгалтын хүрээнд 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг Улаанбаатар хотын харъяат Г, Өмнөговь аймгийн харъяат М нар бусдад худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн шалгаж байна. 

Өнгөрсөн амралтын өдөр осгож нас барсан байдалтай хүний цогцос олдсон. Цагдаагийн байгууллага хэргийн газар үзлэг хийж, задлан шинжилгээнд оруулснаар тухайн иргэн гадны нөлөөтэйгөөр амиа алдсан болох нь тогтоогдсон. Хэргийн мөрөөр эрэн сурвалжлах шуурхай ажиллагаа явуулж сэжигтэй этгээдийг урьдчилсан байдлаар олж тогтоосон. Тухайн этгээд мэдүүлэг өгөхдөө "Дээрэмдэх зорилгоор тухайн иргэнийг боож унагаад, цагийг нь аваад орхиж явсан" гэж хэлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.