Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилж, Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай болон Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх тухай зарлигуудыг гаргалаа.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Дашхүүгийн Цолмон нарын шүүгчийн бүрэн эрхийг сэргээлээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ" гэж заажээ. Харин тус хуулийн 17.1-д Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн дор дурдсан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж тусгасан байна. 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМОНХХ