Дээд хэмжээний уулзалтын өмнө Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай богинохон хугацаанд ганцаарчилсан уулзалт хийх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп илэрхийлжээ. Энэ тухай Блүүмбэрг агентлаг Д.Трампын төлөвлөгөөний талаар мэдээлэл сайтай эх сурвалжийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.
 
Агентлагийн мэдээнд дурдсаныг үзвэл “Дональд Трамп 12-ны өдөр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай богинохон хугацаанд ганцаарчилсан уулзалт хийхийг хүсч байна” гэжээ.
 
Өмнө нь Д.Трамп мэдэгдэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг Ким Жөн Ун үнэхээр хүсч байгаа эсэх болон уулзалтын үеэр ямар нэгэн нааштай үр дүн гарах эсэхийг ганцаарчилсан уулзалтын эхний минутанд л би тодорхойлон мэдэж чадна” гэж байсан юм.
 
АНУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын уулзалт 12-ны өдөр Сингапурт болох гэж байгаа билээ.