Дэлхийн Банкнаас танилцуулж буй тус бүс нутгийн эдийн засгийн талаарх шинэчилсэн мэдээнд дурдсанаар, Ковид-19 цар тахал эхэлснээс хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн (ЗАНДБН) хөгжиж буй улс орнууд илт жигд бус сэргэлттэй нүүр тулаад байна гэжээ.

Монгол Улсын хувьд “глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн вакцинжуулалт явагдсанаар иргэд болон ААН-үүд цар тахалтай дасан зохицон, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн түүнчлэн, глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь ГШХО, уул уурхай болон мөн тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна. Гэвч дотоодод болон дэлхий дахинд КОВИД-19 цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй” гэж дүгнэжээ.