Хэдхэн хоногийн өмнө UB palace-д "Хархан нүдэн" тоглолтоо хийсэн уран бүтээлч Д.Дэмбэрэлнямбуутай ярилцлаа. Анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, том ажлын ард гарч сэтгэл хангалуун явсан тэрбээр өчигдөр шөнө дунд гурван цагийн үед л тоглолтыг нь үзэж, өөртэй нь гар барьсан хүнээс коронавирус илэрсэн талаар мэджээ. Утсаар түүнтэй холбогдоход мэдэх хүмүүсийнхээ тоог цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд гэр бүлийн хамт зочид буудалд тусгаарлагдсан гэв. Тэрбээр  олон нийтийн сүлжээнд намайг элдвээр бичих яах вэ тоглолтыг минь үзсэн хүмүүсээс вирус л битгий илрээсэй гэж залбирч сууна хэмээн ярьсан юм. 


-Тоглолтыг нь үзэж гар барьсан хүнээс коронавирус илэрсэн гэдгийг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Шөнө дунд хоёр цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас над руу утасдаж анх энэ талаар мэдэгдсэн. Маш их гайхсан, нэгэнт л байдал ийм болсон учраас тоглолт үзсэн, мэдэх хүмүүсээ санаж нэрийг нь өгч иргэний үүргээ биелүүлсэн. Гэр бүл, ах дүү, хамаатан садангаараа тусгаарлалтын байранд байна.


-Сандарсан уу?

-Миний тоглолтыг зорин ирж үзсэн тэр хүмүүс л гайгүй байгаасай гэж бодсон. "Хархан нүдэн" тоглолтыг минь үзсэн хүмүүсийн шинжилгээ "Сөрөг" гараасай гэж залбирч сууна. Тоглолтыг минь, намайг дэмжиж Увс нутгийнхан маань нэлээд ирсэн.


-Халдвар илэрсэн хүнтэй зураг авахуулсан гэсэн үнэн үү?

-Тоглолтын дараа бужигнах үеэр зураг авахуулаад гарсан. Бид нэгнээ мэднэ. Тэр хүн ч коронавирусийн халдвар авсан гэдгээ яаж мэдэх билээ. Тусгаарлалтаас гараад явж байна л гэж байсан.  Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. 


-Тоглолт үзсэн хүмүүстээ юу хэлэх хэлэх вэ?

-Тоглолтыг минь үзсэн, халдвар илэрсэн хүмүүстэй хамт байсан, уулзсан,  гар барьсан хүмүүс байвал заавал сайн дураараа очиж шинжилгээ өгөөрэй. УОК, ЭМЯ-ны заавар зөвлөгөөг сайн дагаарай, амны хаалтаа зүүгээрэй. 

Энэ том зүйлийн ард гараад авбал том амьсгаа авмаар байна. Маргааш өглөө шинжилгээний хариу гарна. Бүгдийг нь маргааш сайхан мэдээ угтаасай.

"Хархан нүдэн" дууны клипийг үзэх:


Өнөөдөр нийгмийн сүлжээгээр "Хархан нүдэн" гэдэг үг гол яригдсан сэдэв байлаа.  Таны анхны уран бүтээлийн тоглолт гэсэн үү?

-Төрсөн дүү Д.Дамбийжав маань 2015 онд Багануур дахь Хилийн цэргийн 0252 дугаар ангид байхад "Хархан нүдэн" дууны үг, аяыг нь зохиож өгсөн юм. Сүүлд 2017 онд би дуулж клипжүүлсэн. Тэр үед СУИС-ийн жүжигчний ангийн оюутныг урьж тоглуулсан нь "Точка 37 " киноны Номингийн дүрээр танигдсан бүсгүй байв. 

Хайртай дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэн, сайхан ч болж өнгөрлөө. Уран бүтээлч хүний хувьд дахин уран бүтээл хийх хүслээр цэнэглэгдэж, урам авсан. Харин айхтар вирус илэрчихдэг нь л жаахан тиймэрхүү юм даа...


-Өнөөдөр дууны үзэлт нь эрс нэмэгдсэн үү?

-Нийгмийн сүлжээгээр "Хархан нүдэн"-ий талаар нэлээд ярьсан сурагтай. Тэр бүхнийг олж хараагүй л байна. Хүмүүс завсаргүй залгаад байхаар утсаа хэсэг хугацаанд салгасан. 

"Хархан нүдэн" дууг маань хүмүүс сайн мэднэ ээ, дуучныг нь таньдаггүй болохоос. /инээв/

Зарим нь Лосолын Болдбаатар гавьяатын дуутай андуурдаг юм билээ.  "Хархан нүдэн" дууны Youtube дэх үзэлт нь ч хэдийн 2,9 сая дөхөж байсан юм. Өнөөдөр 100 гаруй мянгаар нэмэгдсэн байсан.


-Одоо бол Дэмбэрэлнямбуу дуучныг, "Хархан нүдэн" дууг мэдэхгүй хүн бараг үлдээгүй болов уу?

-Танигдсан байх аа. /инээв/ Нэрээ бол таниуллаа. Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж, ард түмэндээ зориулна аа. 


-Залуу хүний хувьд юу хүсэж мөрөөдөж явдаг вэ?

-Би дуулаачийн мэргэжил эзэмшээгүй. КУДС-д кино найруулагчийн мэргэжлээр Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн багшийн ангийг дүүргэсэн. Цаашид Монголд анимейшнээр дагнасан студи байгуулахыг мөрөөддөг. Манайд энэ чиглэлээр дагнасан чадварлаг уран бүтээлч залуус бий. Харин нэгдэж, олон улсын чанар стандартад нийцсэн цогц, студи байгуулах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр олон хүнтэй уулзаж, судалгаа хийж явна. 


-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллав?

-Би ой гарантай охинтой. Саяхан гэргий охиноо оролцуулан "Гэр дүүрэн хайр" дууныхаа клипийг хийсэн. Хайр байвал ямар ч асуудлыг даваад гарна гэдэгт би итгэдэг.