Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноожээ.

Түүнийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм. Улмаар гэм бурууг нь шүүх хурал болж, ял оноолоо.

Шүүгдэгч Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Дамба-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар