УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "УИХ-ын даргад хандаж нэг зүйл хэлмээр байна. Өчигдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, Д.Дамба-Очир миний бие болон Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж, мэдэгдэл хийсэн. 

УИХ дээр болж буй үйл ажиллагаанууд, ялангуяа Байнгын хорооны дарга нарын үйл ажиллагаа буюу байгууллагууд руу бичиг цаас явуулж, ирүүлэх ажиллагааг нам дээр татаж авчирч, бид хоёрт сахилгын хариуцлага тооцох шийдвэр гаргаж буй юм байна. Би үүнийг ойлгосонгүй. Энэ нам коммунист нам болж буй юм уу. Нэртэйгээр нь бид хоёрыг хөөчих хэрэгтэй. Байнгын хорооны дарга нар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тагнуулын байгууллага үүнийг хууль зөрчөөгүй гээд мэдэгдэл хийчихсэн. Материалыг УИХ-ын гишүүдэд өгөөгүй байж, Оюутолгойд өглөө гэсэн байна. Ажлын хэсгийн дүгнэлт гаргаад, 2 дугаар сарын 2-ноос гишүүдэд тараасан. Нууцлалын зүйл байхгүй гэдгийг би хэлсэн. Оюутолгой компани нь өөрсдөө дүгнэлт дээр тайлбар өгье гэсэн хүсэлт ирүүлсэн. Хүсэлтийнх нь дагуу явуулсан. Энэ чинь өдөр тутам явагддаг төрийн ажиллагаа. Тиймээс УИХ-ын дарга та үүнд анхаарахгүй бол болохгүй байна. Хяналтын хорооны дарга нь хэвлэлийн хурал зарлаад сууж байна. Бодвол намын дарга, УИХ-ын дарга нартайгаа зөвлөлдсөн л байдаг байлгүй дээ" хэмээлээ.

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж:

-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн “Хөөн хэлэлцэх хугацаа”-г тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн гэж буруутгаж, дээрх хариуцлагыг тус тус тооцож буйгаа мэдэгдсэн юм..

Чуулганы өнөөдрийн хуралдааныг шууд дамжуулж байна.