Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 05-ны пүрэв гарагт улс даяар нэгэн зэрэг явагдана. Сонгуулийн санал хураалт тус өдрийн 07.00 цагт эхэлж, 20.00 цагт хаагдана.

Тус сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо 2СЕХ/-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар явагдаж буй бөгөөд сонгуулийн бэлтгэл ажил 4 дүгээр сарын 30-наас эхэлсэн. Сонгуульд улсын бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох төхөөрөмжийг ашиглана. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод 8 дугаар сарын 06-наас өмнө, сум, дүүргийн сонгуулийн хороод 8 дугаар сарын 16-наас өмнө, хэсгийн хороод тус сарын 31-нээс өмнө байгуулагдсан. 

Аймаг, нийслэлийн 22, сумын 330, дүүргийн 9, хэсгийн 2148 сонгуулийн хороо ажиллаж байна. Сонгуулийн хороодод нийт 18534 хүн ажиллаж байна. Сонгуулийн хороодын дэргэд санал тоолох төхөөрөмж ажиллуулдаг Мэдээлэл технологийн баг бий. Сонгуулийн хэсгийн хороодын дэргэд сонгууль зохион байгуулахаар нийт 21234 хүн ажиллаж байна.

Нэр дэвшүүлэх ажиллагаа 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 06-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа 9 дүгээр сарын 20-ныг дуустал явагдсан. 9 дүгээр сарын 30-нд бүх нэр дэвшигчийн үнэмэлэхийг улс даяар нэгэн зэрэг гардуулна.

Энэ удаагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улсын хэмжээнд нийт 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөнө. Үүнээс аймаг, нийслэлийн хэмжээнд 816 мандатын төлөө 1901 хүн, сумын 7162 суудлын төлөө 8 намаас 14388 хүн, дүүргийн 291 суудлын төлөө 6 нам, эвслээс 696 хүн нэр дэвшиж байна" хэмээлээ.

Мөн тэрээр "Сонгогчид аймаг, нийслэл болон сум, дүүргийн гэсэн хоёр сонгуульд нэгэн зэрэг саналаа өгнө. Саналаа хэрхэн өгөх заавар нь саналын хуудас дээр тодорхой байх учир зааврыг сайн анхаарч саналаа өгөх хэрэгтэй.

Өмнө нь сонгуулийн хэсэг бүрт ирц 50, түүнээс дээш хувьтай байснаар ирц бүрдэж сонгууль хүчин төгөлдөр болдог байсан бол шинэ хуулиар ирц хамаарахгүй. Ирцийн хувь хамаарахгүй иргэдийг өндөр ирцтэйгээр сонгуульдаа оролцохыг уриалан ажиллана. 

Өмнөх бүх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд явагддаг байсан бол шинэ хуулиар санал авах цагийг багасгаж 20:00 цаг хүртэл болгосон. 

Санал хураах өдөр буюу 10 дугаар сарын 15-нд бүх нийтээр амрах учир сонгогчид саналаа эртхэн өгөх нь зүйтэй.

Сонгогчдын бас нэг анхаарах зүйл нь өмнөх сонгуулиудаар сонгогчид мандатын тоотой тэнцүү хүнд саналаа өгч байсан. Өөрөөр хэлбэл, хоёр мандаттай тойрогт заавал хоёр хүнийг дугуйлдаг, нэг хүнийг дугуйлахаар саналын хуудас нь хүчингүй болдог байсан. 

Энэ удаагийн сонгуулиар хоёр мандаттай тойрогт хоёр хүн дугуйлсан ч, нэг хүн дугуйлсан ч, нэг ч хүн дугуйлахгүй байсан ч саналын хуудас нь хүчинтэй, санал өгсөнд тооцогдоно. Зөвхөн мандатын тооноос олон хүний төлөө саналаа өгсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно" гэдгийг онцоллоо.