Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол орчим буюу Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122-р цэцэрлэг, Хос өргөө хотхон, Оюунлаг бүрэн дунд сургууль, 67-р байр хүртэлх орчны авто болон явган замын тоосжилт ихтэй гэдгээр энэ орчмынхон андахгүй. 

Өдөр хогийн цэг, үдэш бие засах газар шахуу болсон шавар шавхай, энхэл донхол ихтэй энэхүү 150 метр замыг "Оюунлаг" бүрэн дунд сургуулийн захирал Д.Батсайхан өөрийн хөрөнгө гарган 195 сая төгрөгөөр тавьсан ажээ. Гэвч зам тавиад ердөө 3 хоногийн дараа буюу өнгөрсөн ням гаригийн 22 цагт бүрэнхий тасарсан хойно хүмүүс эвдэлж сүйтгээд явсан харамсалтай хэрэг гарчээ.

Тухайн үед байсан оршин суугчдын хэлж буйгаар биерхэг залуус залуус жоотуу барьчихсан, 2 трактортойгоор ирээд 30 минутын дотор тэгшилсэн зам талбайг газар хөдөлсөн юм шиг эвдэж орхиод явжээ. Хаанахын ямар хүн гэдгээ ч хэлээгүй харанхуйн шөнө дайрч ирснийг бодоход  тухайн газрын эзэд бололтой. Яагаад үг хэлээр ойлголцохгүй, хүч түрэн ийм балмад үйлдэл хийж байгааг тэд ойлгоогүй гэнэ.

Хориод жилийн турш эзэнгүй орхигдоод байсан энэхүү газрыг "Оюунлаг" бүрэн дунд сургуулийн захирал Д.Батсайхан өөрийн нэр дээр болгож эзэмших гэсэнгүй. Сургуулийн эргэн тойрноо цэвэр цэмцгэр болгох гэж л хувиасаа бүх зардал мөнгийг нь гаргаж, Баянзүрх дүүргийн газрын албанаас холбогдох бүх зөвшөөрөл, тамга тэмдгийг нь авч, туршлагатай замын компаниар тавиулсан зам тавиулсан нь хэн нэгнийг ийнхүү хилэгнүүлэх шалтгаан болсон бололтой.

Бид түүнтэй холбогдоход "Би жирийн л багш  хүн. Ойр орчиноо сайхан болгоё л гэж үүнийг хийсэн. Зам тавих бүх зөвшөөрлийг холбогдох газруудаас авсан. Гэтэл хийсэн ажлыг минь сүйтгээд зогсохгүй дугаараа нууцалсан утаснаас залгаж дарамталлаа. Яг үнэндээ би айдастай, хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна. Намайг барьцаалж, дарамталж, эд хөрөнгөд минь хохирол учруулж байгаа тэд миний гэр бүл рүү халдахыг ч үгүйсгэхгүй. Цагдаагийн байгууллага хүчтэй талд нь үйлчилж, энгийн иргэнээ тоохгүй байна. Гомдолтой байна гэсэн юм.

Өмнө нь

Дараа нь