Мөрдөн шалгаж буй зарим ажиллагааны талаар Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр улс хоорондын ачаатээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан үйлдэлд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 

Шүүхээс Д.Батбаярыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн. Түүний өрөөнд нэгжлэг хийхэд хахуульд авсан 250 сая төгрөг илэрснийг дүрс бичлэгээр баримтжуулсныг үзүүлье" хэмээлээ.

Тус баримтжуулсан бичлэгийг 8:50 минутаас үзнэ үү.


Бичлэг: Автотээврийн үндэсний төв, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 05 минут

"АТГ-аас Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн 174100009 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулав.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс тээвэр" ХХК-ийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8 дугаар сарын 11-14-нийг хүртэлх хугацаанд тус компаниас нийт 57.500.000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон.

Түүний албан өрөөнд нэгжлэг хийх явцад "Эрдэнэс тээвэр" ХХК-иас хахуульд авсан 250.000.000 төгрөгийг илрүүлжээ.

Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.500.000 төгрөгийг улсын орлого болгов"