Сонгогчдын ирцийн мэдээлэл болон бусад асуудлаар СЕХ-ноос 19:00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр сонгуулийн дүн, гар тооллоготой холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн хэсгийн хороод өөрийн харъяалах нийт хэсгүүдийн 50 хувийг сонгож, хяналтын буюу гар тооллого хийнэ. Хэсгийг сонгох үйл ажиллагааг сонгуулийн байгууллага хийхгүй. Нам эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл аль 50 хувьд нь хийх вэ гэдгийг сонгоно. 

Хяналтын тооллогын үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг СЕХ-ноос баталсан журмаар зохицуулсан. Тус журмын дагуу явагдана. Энэ үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллага, нам эвслийн ажиглагч нар нээлттэй оролцох боломжтой. 

Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн эцсийн дүнг зарлаж, нийтэд мэдээллэх ёстой. Улмаар санал хураалт дууссанаас 10 хоногийн дотор тухайн шатны хуралдаа сонгуулийн дүнгээ өргөн барих зохицуулалттай. Одоо 20:00 цагт санал хураалт дуусахаар санал хураалтын дүнгүүд төв серверт ирж эхэлнэ. Улмаар дүн нь 100 хувь ирсэн аймгуудын дүнг СЕХ-ны цахим хуудас дээр оруулна. 

Тэгэхээр сонгуулийн дүн 100 хувь ирсэн аймгуудын урьдчилсан дүнг СЕХ-ны веб сайтаас харах боломжтой" хэмээлээ.