Дэлхийн хүн амд ахмад настны эзлэх хувь хурдтай өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд 60, түүнээс дээш насны хүн ам нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд нийт хүн амын 21.1 хувьтай тэнцэх магадлалтай байна. Өнөөдөр “Олон улсын ахмадын өдөр”.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэд хандаж, ахмад настанд үзүүлэх урт хугацаат тусламж үйлчилгээ, тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн талаар тодрууллаа.

 -Ахмад настны тухай хууль 2017 онд батлагдсан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг 2019 онд батлуулсан. Энэ хөтөлбөрт ажилтныг тэтгэвэрт бэлтгэх, байгууллага бүрт Ахмадын сан байгуулах, ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, урт хугацаат тусламж үйлчилгээг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна. 

-Хэр олон байгууллага Ахмадын сангаа байгуулсан бэ?

-Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай  байгуулдаг гэрээнд энэ асуудлыг тусган хэрэгжүүлж байна. 2017 оны Засгийн газрын 197 дугаар тогтоолоор “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам” батлагдсан. Энэ журам маань хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж байгаа. 

2020 оны хагас жилийн байдлаар 800 гаруй байгууллага Ахмадын сан байгуулаад байна. 

Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа орлогоос цалингийн сангийнхаа 3 хүртэлх хувийг, төсөвт байгууллага бол  цалингийн сангийнхаа гурав хүртэл хувиар сан байгуулан ажиллах зохицуулалттай. Зарцуулалтыг нь журамдаа зааж өгсөн. 

-Хүлээж авах байгууллагагүй ахмадуудын асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

- Ахмад настны тухай хуульд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллагагүй болсон ахмад настныг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан бүртгэж Цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Ахмадын өдөр аравдугаар сарын 1-нийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээр зохицуулсан байдаг. Энэ дагуу  хүлээн авдаг.

-Ахмад настанд  урт хугацаат тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар тайлбарлаж өгөөч?

-Ахмад настанд урт хугацаанд тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэхийг зорин  ажиллаж байна. Гэр бүлд асаргаа шаардлагатай нэг хүн байхад л  тухайн гэр бүл ядууралд өртөх эрсдэл нэмэгдэж байдаг.

Манай яам, Азийн хөгжлийн банкны “Хөгжиж буй гишүүн орнуудын ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх нь" төсөлтэй  хамтран ахмад настанд үзүүлэх урт хугацаат тусламж үйлчилгээг хөгжүүлэх, тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ төслийн хүрээнд “Монгол Улс дахь урт хугацааны тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаарх судалгаа-шинжилгээ”-г  МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төвийн багш Б.Энхцэцэг хийсэн. Энэ судалгааны дүнд үндэслэн Монголд урт хугацаат тусламж үйлчилгээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Тийм учраас манай яамнаас ЭМЯ, иргэний нийгмийн байгууллага, Геронтологийн үндэсний төвийн төлөөлөл оролцсон салбар дундын ажлын хэсэг байгуулж, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөөг  боловсруулсан. Төлөвлөгөөнд асаргааны даатгал эрх зүйн орчин бий болгох, тусламж үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, асрамжийн газруудын чадавхийг бэхжүүлэх, гэрээр үзүүлэх асаргаа, асаргаа үзүүлэгчдийг дэмжих, урамшуулах, олон нийтийн оролцоонд түшиглэсэн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, өдөр өнжүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь тусган хэрэгжүүлнэ. 

Олон нийтэд түшиглэсэн урт хугацаат тусламж үйлчилгээний төвийг газар нутгийн онцлог, хүн амын тоо зэргийг харгалзан   2021 оноос хоёр аймаг, нэг дүүрэг, сумын түвшинд тохирох хэлбэрийг туршин хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн асаргаа үзүүлэгч нь өөрөө стресс, дарамтад ордог тул тэдэнд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавиад байна.

 “Алсын хараа 2050”-д  “Аймаг дүүрэг бүрт “Ахмад настанд урт хугацааны  тусламж үйлчилгээ үзүүлэх хөгжлийн  төв”-үүд байгуулахаар тусгасан. Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэнэ” гэсэн зорилт дэвшүүлсэн.

Төслийн хүрээнд шинээр байшин барихгүйгээр, эхний ээлжид  “Ахмадын хөгжлийн төв”, өргөө ордон, танхимуудыг түшиглээд, урт хугацаат тусламж үйлчилгээ үзүүлье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  Ахмадын настны  тухай хуулиар аймагт Ахмадын ордон, сум дүүрэгт өргөө, төв танхимыг байгуулж,  орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан байдаг. Манай улсын хэмжээн Ахмадын ордон 21, өргөө, төв 420 үйл ажиллагаа явуулж, ахмад настнуудад хөгжлийн үйлчилгээг хүргэж байна. Зарим томоохон аж ахуйн нэгжүүд  байгууллагынхаа дэргэд Ахмадын ордонтой. Тухайлбал, Төмөр зам, Цахилгаан холбоо компани, МИАТ зэрэг байгууллагууд байна.

-Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр гэж бас хэрэгжүүлж байгаа гэсэн. Ийм шаардлага бий гэж үзсэн үү?

-Тухайн ажилтан нь төлөвлөөгүй, гэнэтийн байдлаар тэтгэвэрт шилжих бус, урьдчилан төлөвлөн бэлдэж шилжих нь тэдний нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн байдалд эерэг үр нөлөө үзүүлдэгийг олон улсад судалгаагаар тогтоосон байдаг.

Ахмад настны тухай хуульд тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасны дагуу ХНХ-ын сайдын тушаалаар “Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн арга зүй, төлөвлөгөөний жишиг загвар”-ыг баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Ажилтныг тэтгэвэрт бэлтгэхдээ байгууллагууд гурван жилийн дотор тэтгэвэрт гарах ажилтны судалгаагаа гаргаж, тэтгэвэрт гарах талаар өөрийнх нь саналыг харгалзан, ажлын цагийг нь хорогдуулах, тэтгэвэрт гарсан хойноо ажиллах бол чадамжид нь тохирсон хөдөлмөр эрхлэхэд нь  бэлтгэх,  сурахад нь дэмжлэг үзүүлэх болон тухайн ажилтанд тэтгэвэрт гарсны дараа нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд үүсч болох эрсдлийг арилгах арга хэмжээг тусгасан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхээр зохицуулсан. Өнгөрсөн жил салбарынхаа хүний нөөцийн 80-д ажилтныг сургагч багшаар бэлтгээд байна.