Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт орших “Даяннуур”-ын мөс цөмөрч “Стивр” загварын том оврын ачааны автомашин живжээ.

Тодруулбал, 25 настай иргэн "А" /эрэгтэй/ нь “Стивр” загварын том оврын ачааны автомашин жолоодон, “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаны нийт 62 хүн тус өдрийн 16:30 цагт очиж, нуурын баруун урд эргээс 400 метрт гурван метрийн гүнд шумбалт хийж,  мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсын ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс хөдөө орон нутагт  зорчихдоо зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас мэдээллээ.