Давхар зорилгоор ашиглаж болох, тухайлбал үй олноор хөнөөх зэвсэг хийхэд ашиглаж болзошгүй бараа материалыг БНАСАУ-д экспортлохыг Хятад улс хоригложээ. Энэ тухай БНХАУ-ын Худалдааны яамны эх сурвалжийг иш татан “Ройтерс” агентлаг өнөөдөр мэдээллээ.
 
Нийлүүлэхийг хориглосон жагсаалтад үй олноор хөнөөх зэвсэг хийхэд ашиглаж болзошгүй 32 нэр төрлийн бараа материал, технологи, тоног төхөөрөмж багтсан байна. Уг шийдвэрийг өнгөрсөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан БНАСАУ-ын талаарх тогтоолын дагуу гаргажээ.
 
Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 12-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн БНАСАУ-ын эсрэг авах хоригуудыг чангатгах тухай тогтоол гаргасан билээ. Тогтоолын дагуу Умард Солонгосоос нэхмэл эдлэл худалдан авах, тус улсад хийн конденсат нийлүүлэхийг хориглосон байна.

Түүнээс гадна, түүхий болон боловсруулсан газрын тосыг Умард Солонгост нийлүүлэхийг хязгаарлаж, 2017 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд 500 мянган баррель газрын тос, 2018 он болон дараагийн жилүүдэд 2 сая баррель хүртэлх хэмжээний газрын тос нийлүүлэхийг зөвшөөрчээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг