Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28нд Унгарын нийслэл Будапешт хотноо болно. Манайхаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жинд 18 жүдоч оролцохоор шалгарчээ. Бэлтгэлээ Говь ресорт цогцолборт базааж байгаа юм. Дэлхийн аваргад оролцох шигшээ багийн тамирчдыг зарласнаас хойш нэг  жинд өөрчлөлт орсон юм. Саяхныг болтол  70 кг-д өрсөлдөхөөр тодруулаад байсан ОУХМ Б.Хулан бэртсэн тул түүний оронд холимог багийн төрөлд оролцохоор бэлтгэгдэж байсан Ц.Наранжаргалыг барилдуулахаар шийджээ. Нөгөөдөр жүдочид эх орноосоо мордох бөгөөд шигшээ багийг гавьяат тамирчин О.Балжинням удирдах юм. Туслах дасгалжуулагчаар багийг гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт Од, ОУХМ Г.Дашдаваа нар ажиллаж байна.  Шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг сонгогджээ.