Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд Дарханы замын засвар дөнгөж наймдугаар сарын дундуур эхэлсэн, одоо хийж байгаа ажлын явцаас харахад ирэх 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орохгүй нь тодорхой байгаа гэв. Үүнээс болоод энэ чиглэлд зөрчдөг таван аймгийн иргэдийн эдийн засгийн асуудал мөн транзит тээврийн асуудал ч хүнд байдалд орсон гэлээ.

Тиймээс иргэдийн хяналтыг идэвхжүүлэхээр "ДАРХАНЫ ЗАМ ЗАСВАР ИРГЭДИЙН ХЯНАЛТ" фэйсбүүк группийг нээжээ.  Энэхүү групп дээр иргэд тус замтай холбоотой гомдол, хохирол, баталгаажуулах бичлэг, хохирлын санал хүсэлт бичих юм байна. Эдгээр залуус 10 дугаар сарын 15-нд Дарханы замтай холбоотой үзэсгэлэн гаргах гэнэ. Үзэсгэлэнд тус замаар зорчиж яваад гарсан ослын гэрэл зургууд тавигдах ажээ.

Дарханы замын цаана тус замаар зорчин явдаг олон мянган иргэдийн эрх зөрчигдөж байгааг дурдлаа.

Тухайлбал:

-Зам тааруугаас жолооч нар хөдөөгүүр хаа сайгүй зам гаргаж байна. Малчдын өвөлжөө, хаваржааны хажуугаар ч давхиж байна. Замын ажил явцгүй байхад Ерөнхий сайд маань очиж танилцалгүй тойроод явжээ. Өнөөдөр гэхэд Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм билээ. Иргэдийнхээ зовлонг ойлгоод тэр там болсон замаар явахгүй галт тэргээр явсанд иргэд бухимдаж байна. Нөхцөл байдал ямар байгааг, иргэд яагаад энэ зам дээр амь насаа алдаад байгааг үзээсэй гэж хүссэн юм.

-Маш муу замтай учраас иргэд улаан тоосон дундуур давхиж байна. Ямар ч усалгаа, арчилгаагүй хийдэггүй. Үүнээс улбаалж үзэгдэх орчин хязгаарлагдаж зам тээврийн осол эрс нэмэгдсэн. Дарханы замд сүүлийн хагас жилийн байдлаар ослын улмаас 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 300 гаруй хүний амь нас эрсэдсэн. 200 гаруй авто осол бүртгэгдсэн. Үүний ард 55 хүн эрүүгийн хэрэгт холбогдсон.

 Хэрэв 11 дүгээр сардаа багтаж нээхгүй бол халтиргаа гулгаа нэмэгдэн энэ тоо бүр ч их нэмэгдэх байх.

-Зам муугаас болж иргэд 10-хан км газар явахад нэг цаг зарцуулж байна шүү дээ. 20 км-ын хурдаар л мөлхөж яваагаас дутахгүй удаан явдаг. Энэ замаар явдаг жолооч нарын шатахууны зардал хоёр дахин өссөн.

-Бид долоо хоног бүр Дарханы замаар зорчиж байна. Гэтэл хуулагдаагүй зам байгааг бид мэднэ, харсан. Үүнийг мэдээгүй юм уу бүү мэд, салбарын сайд нь 11 дүгээр сард ашиглалтад өгнө өө гээд хээв нэг яриад сууж байх юм. 

-ЗТЯ, ХЗДХ, ЭМЯ хамтарч 2018 онд Зам тээврийг ослын цагаан ном гаргажээ. Энэ номондоо авто тээврийн ослын 97.7 хувийг жолоочийн буруугаас гэжээ. Бараг 100 хувь нь шүү дээ. Шууд ард иргэд рүүгээ буруугаа чихдэг. Дөнгөж 0.2 хувь нь замын чанараас шалтгаалж байна гэж дүгнэжээ. Иргэд замын энхэл донхлыг тойрч байгаад осолд ордог нь үнэн. Тэгсэн хэрнээ бурууг иргэд рүүгээ буруугаа чихдэг байдлыг эсэргүүцэж байна.  Гэтэл гадны орнуудад авто тээврийн ослын 40 гаруй хувийг жолоочоос хамаардаг гэж үздэг. Эвдэрхий замаар зорчиж байгаад гэмтэж бэртэж, амь насаа алдаж байхад ч жолооч руу л буруугаа чихдэг буруу тогтолцооноос салах ёстой" гэлээ.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад Дарханы зам дээр гарсан ослын тоо ийм их хэмжээгээр өсөөгүй харин буурсан талаар мэдээллээ. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд 13 хүн тус зам дээр гарсан ослын улмаас нас барсан бол энэ жил 8 болж буурсан гэв.

Хүснэгтээс үзнэ үү