Дархан-Уул аймагт Ковид19 халдварын батлагдсан тохиолдол 44 боллоо.

Улмаар аймгийн хэмжээнд 18 өрхийн 35 иргэн Ковид 19 халдвар аваад байна. Төмөр зам дагасан кластер өвчлөлөөс гадна нийт иргэдийн дунд тандалт хийх зорилгоор нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Эдгээрээс 4 халдвартай иргэнийг илрүүлжээ. 

Иргэд өөрсдийгөө халдвартай гэдгээ мэдээгүй явсан аж. Нийт тохиолдлыг 8 байранд тусгаарлан ажиллаж байна. Дам хавьтлын 2200 иргэнийг гэрээр тусгаарлаад байгаа гэв.

Сүүлийн 7 хоногийн дотор ХӨСҮТ,  НЭМҮТ-өөс тусгай баг ажилласан бөгөөд халдвар хэрхэн тархсан талаар судалгаа хийж дууссан бөгөөд тун удахгүй тайлагнахаар болжээ. Мэргэжлийн нарийн тооцоо судлаачдын үзэж байгаагаар Төмөр зам дагасан кластер өвчлөл, удаах нь Сэлэнгэ аймаг дагасан халдвар болох нь батлагджээ.

Мөн халдвартай иргэнтэй 30 минутаас дээш хугацаагаар цуг байсан ч амны хаалт сайтар зүүсэн иргэн халдвар аваагүй аж. Энэ нь зай баримтлах, амны хаалтаа зүүх нь ямар чухал болохыг харуулж байна гэж тус аймгийн Засаг дарга Х.Азжаргал онцлов.

Дархан-Уул аймаг шинжилгээ сайн хийж байгаа учраас цаашид тэг зогсолт хийхгүйгээр төлөвлөж байна гэв.

Эхний ээлжинд эрсдэл хамгийн багатай үйл ажиллагааг нээх аж.

Тус аймагт хөл хорионд байгаа иргэдийг халдваргүй 11 бүсээс гаргаж эхлэх юм. Ингэхдээ заавал PCR шинжилгээ өгсөн иргэдийг гаргах ажээ. 2000 орчим иргэн Дархан-Уул аймгаас гарах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Эхлээд баруун аймгийн иргэдийг гаргахаар болсон байна. 

Дараагийн ээлжинд Улаанбаатарт байгаа Дархан-Уул аймгийн иргэдийг авчрах талаар судалж эхэлжээ.