Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Хавцал” гэдэг газар өнөөдөр 00:14 цагт газар хөдөлжээ. 

Газар хөдлөлт Рихтерийн шаталбараар 3.8 магнитудын хүчтэй болсон гэж ОБЕГ-аас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Дарханаас баруун зүгт 16 километрын зайнд байсан байна. Тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэв.

Хэд хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Бугат суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн төв нь сумаас баруун урд зүгт 143 километрын зайнд байсан байна.


Газар яагаад хөдөлдөг вэ?

Сүүлийн үед судалгаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэсэнээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.