УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр Авто замын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Дархан - Улаанбаатар чиглэлийн авто замын ажлын явцын талаар асуув.

Хариултад нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батболд “Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар замын ажил 2019 онд эхэлсэн. Гүйцэтгэгч компаниудтай холбоотойгоор хэрэгжилтийн явцад алдаа дутагдал гарсны улмаас төлөвлөсөн хугацаандаа дуусгах боломжгүй болсон. Гэрээнд зааснаар бол 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой байсан. Харин Европын сэргээн босголтын банктай байгуулсан зээлийн гэрээг саяхан соёрхон баталсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан байгаа” хэмээлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд нар хариуцлага, хяналтын тогтолцоо тодорхойгүй, зохион байгуулалт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Гишүүд хойд чиглэлийн гол магистрал зам болох Дархан -Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлыг түргэн шийдвэрлэж, 2020 оны 06 дугаар сар гэхэд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг сануулав. 



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс