Нийслэлээс Дархан хүртэлх авто зам там болсон тухай, энэ зам хамгийн эрсдэлтэй, ачаалал ихтэй гэдгийг бид мэдэх. Явах тоолондоо энэ байдалд эмзэглэж, битүүхэн айдас тээхэд хүргэдэг. Зам дагуу осол аваар гарсан байх нь түгээмэл. Хүний амь л эрсдээгүй байгаасай гэж дотроо залбираад өнгөрөх төдий. Шөнө, орой, гулгаатай үед бол тэр хэрээр эрсдэл нэмэгдэж байдаг.

Зөвхөн Дархан-Улаанбаатар бус Монгол Улсын хойд чиглэлийн бүхий л тээврийн урсгал энэ 200 км авто замаар зорчиж байгаа. Дотоодын төдийгүй олон улсын тээвэр хүртэл нааш, цаашаа үүгээр л байнга явж байна. Жилийн жилд энэ чиглэлд нөхөөс хийдэг. Төсвөөс мөнгө тавьдаг. Энэ нь жилээ даахгүй эвдэрч, энхэл донхол үүсчихсэн байдаг. Улам нарийсч байгаа, эвдрэл нь хүний амь насаар хэмжигдэх болсон.

Тэгвэл Дархан чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжихээр болсныг дуулгая. Тус банкны Захирлуудын зөвлөл 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг баталсан гэдгээ мэдэгдлээ. Аялал зугаалга, амралт эхэлчихсэн энэ үед Хөвсгөл, Улаан-Үд чиглэлд тээврийн хэрэгсэл эрс нэмэгддэг. Тэгвэл энэ 60 сая ам.доллараар Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замд их засвар хийхээр болж байна.

Уг төслийн үр дүнд, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах төдийгүй том зургаараа худалдааны эргэлт нэмэгдэж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал сэргэнэ гэж АХБ-ныхан үзэж байна. Нийт 311 километр авто замд дээрх хөрөнгөөр их засвар хийнэ гэнэ.

Төсөл хэрэгжих авто замд замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт хашлага, мэдээлэх самбар нэмж байршуулах юм байна. Мөн авто замын аюулгүй байдлын хараат бус аудит хийхээр болжээ. АХБ-ны Зүүн Азийн газрын Тээвэр, харилцаа холбооны хэлтсийн дарга Сужата Гупта “Аюулгүй, найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг нөлөө үзүүлнэ” гэв.

Монгол Улсын авто замын өнөөгийн сүлжээ 48,538 километр үргэлжлэх хэдий ч зөвхөн 13.2 хувь нь л хатуу хучилттай байгаа юм. Энэ нь эдийн засгийн хөгжилд, ялангуяа ажлын байр, худалдаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Үүнээс илүүтэй цөөхүүлээ гэгдэх монголчуудын хувьд амь насаа алдах, тахир дутуу болох, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл хамгийн их байлаа. Тэгвэл АХБ-ны энэ удаагийн 60 сая ам.доллар эдгээр эрсдэлийг багасгана гэдэгт найдаж байна.

2017 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа нийт 32.2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлснээс 11.9 тэрбумыг хамтарсан санхүүжилтээр олгожээ.