Үндсэн хуулийн цэцийн шийдвэр шуугиан дагуулав. Ашигт малтмал уурхайн эздийн өмч болчихож байгаагаас өөрцгүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэц ийнхүү гаргаад буй. Уг асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. Энэ удаа эдийн засагч, санхүүч Д.Ангарын байр суурийг сонслоо.


-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Угаасаа Үндсэн хуулиар төрд олгогдсон, баталгаажсан эрх үүрэг нь татвар. Татвар байж л төр оршдог. Төр татвар хоёр нэгнээсээ салгаж ойлгож болохгүй ойлголт шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц төр татвар авах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн маш ойлгомжгүй шийдвэр гаргачихлаа. 

Шийдвэрийг нь харахад энэ асуудалтай ямар ч холбоогүй заалтыг үндэслэсэн байгаа юм. Энэ бол ерөөсөө байж болохгүй асуудал. Хэрэв энэ чигээрээ явбал Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага төрөөс тавьж буй бүх татварыг хүчингүй болгох эрхтэй болчихож байгаа юм. Ийм шийдвэр гарахаас нэг хоногийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн өгсөн ярилцлага гарсан. Ашигт малтмалын нөөц ашиглалтын татвар нь давхар тавигдаж байгаа нь эдийн засгийн үр ашиг алга гэсэн асуудлыг тавьсан юм билээ. Уг нь татвар ихдэж эсвэл багадаж байгаа эсэх нь ерөөсөө ч Үндсэн хуулийн цэцийн асуудал биш, УИХ, Засгийн газрын мэдэх шийдэх асуудал. Тийм ч учраас Үндсэн хуулийн цэц олон давхар татвар авч байна гэсэн үндэслэлээр ийм шийдвэр гаргах ёсгүй. 


-Үр дагаврыг нь хэрхэн харж байна вэ?

-Энэ хуулиас болж төрийн албанд авлига цэцэглэн, төсвийн мөнгөнөөс сох дутна гэдэг нь дэндүү жижиг асуудал. Төр гэдэг институци татваргүй болчихвол оршин тогтнох үндэсгүй болно. У.Хүрэлсүхийн Засгийн газрын асуудал хэдэн жилээр яригдана. Гэтэл төрийн татвар авахыг хорьж, хүчингүй болгоно гэдэг Монгол төрийн оршин тогтнох асуудлыг сөхсөн хэрэг юм. 


-Цэц лоббидуулав уу гэсэн яриа ч гарч байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үндсэн хуулийн цэц угаасаа ийм шийдвэрийг хэлэлцэх хууль байхгүй. Би үүнийг Үндсэн хуулийн цэцийн захиалгат шийдвэр гэж ойлгосон. Магадгүй цаана нь уул уурхайн бизнес эрхэлдэг ААН-үүдийн шахалт эсвэл дарамт, лобби ч байж болох юм. 

Өнөө маргаашдаа уул уурхайн бизнес эрхэлдэг компаниудад ашигтай байж болно, урт хугацаандаа Монгол төрийг унагах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.