Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооноос олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байгааг сануулаад “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллагыг зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байна хэмээн мэдэгдэл гаргасан билээ.

Тэгвэл нэр дурьдагдаж буй компанийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлээс хайхад нэр нь гарч ирсэнгүй. Юутай ч  "Новел Лизинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Новел Инвестмент" ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Ангараас энэ талаар тодрууллаа.

High level investment гэдэг компанийг бол өмнө нь ч сонсож байгаагүй юм байна. Надтай хамаарал бүхий "Новел Инвестмент ҮЦК" ХХК гэж бий.Энэ компани маань Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын дор үйл ажиллагаа явуулдаг, Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер дилерийн компани бөгөөд иргэд олон нийтээс ямар нэгэн байдлаар хууль бусаар мөнгө хөрөнгө татаагүй. Өөр "Новел"-ээр эхэлсэн хамаарал бүхий компани гэвэл "Новел Лизинг" ХХК, "Новел Лендинг" ХХК, "Новел Фанд" ХХК, "Новел Рейтс" ХХК зэрэг компаниуд бий. Нийт 30-аад компанитай. Хэрвээ миний хамаарал бүхий компанийн талаар худал ташаа мэдээлэл гаргавал шүүхэд хандана. Ер нь надтай холбоотой компаниуд дээр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах шаардлагатай нэг ч үйл ажиллагаа байхгүй.