Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өчигдөр улс даяар явагдаж өндөрлөлөө. Тус сонгуультай холбоотой асуудлаар МАН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Сонгууль амжилттай зохион байгуулагдаж дууслаа. СЕХ-ноос танилцуулсан урьдчилсан дүнг МАН-аас албан ёсоор танилцуулъя. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 45 төлөөлөгчөөс 35 нь буюу 75.5 хувь, нийслэлийн 9 дүүрэгт Сүхбаатар дүүргээс бусад 8 дүүрэгт буюу 88.8 хувь, дүүргийн иргэдийн хурлын 291 төлөөлөгчөөс 200 нь буюу 70 хувь нь, 21 аймгийн 13 аймагт буюу 62 хувь нь, 330 сумаас урьдчилсан мэдээгээр 185 сум буюу 56 хувьд нь МАН буюу МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчид ялалт байгуулсан. 

МАН-д итгэл үзүүлж, дэмжиж сонгосон иргэд сонгогчиддоо МАН-ын мянга мянган гишүүний нэрийн өмнөөс талархлаа. Энэ их итгэлийг МАН бүрэн зүтгэлээр хариулна. Хүчээ нэгтгэн сонголтоо хийсэн ард иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана. 

Иргэд сонгогчдын дэмжлэгийг хүлээж чадаагүй 8 аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сум байгаа. Тэдгээрийн итгэлийг олж авахын төлөө УИХ-ын гишүүдээрээ дамжуулж болон орон нутгийн байгууллагынхаа үйл ажиллагаанд шинэчлэлт хийх замаар бид ажиллана. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бидэнд цаг алдаж, улс төр, сандал суудлын асуудал ярьж суух хугацаа богино. Иймд аймаг, нийслэл, сум дүүргийн түвшинд зохион байгуулагдах эрх барих бүтцийг тухайн шатандаа олонх болсон улс төрийн намын байгууллагууд нь богино хугацаанд зохион байгуулж, богино хугацаанд батламжлах нь зүйтэй гэж МАН үзэж байна" хэмээлээ.