МАН дөнгөж сая мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "2020 оны УИХ-ын сонгуульд МАН одоогийн байдлаар 76 суудлын 62-ыг нь авч, ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэн бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн монголынхоо нийт ард түмэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон МАН-ын мянга мянган гишүүний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах, задарсныг засаж, ядарсныг хайрлах захиа даалгавар өглөө. Сонгуульд өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэдээ шударга, цэвэр өрсөлдсөнд талархаж, цаашдынх нь ажилд амжилт хүсье. 

Би сонгуулийн кампанит ажлын үр дүнг дараах гурван зүйлээр тодорхойлж байна. 

Нэгдүгээрт, МАН олон түмний дэмжлэгийг хүлээсэн улстөрчдийг 29 тойрогт нэр дэвшүүлсэн. 

Хоёрдугаарт, МАН сонгуулийн сурталчилгааны туршид хийсэн ажил, хийх ажил, шийдэх асуудал, хүрэх зорилгоо тайлбарлаж бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг хичээсэн.

Гуравдугаарт, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар сүүлийн 20 жил овоорсон олон асуудлыг шийдэж чадсаныг монголын ард түмэн дэмжлээ.  Монголын ирээдүй залуу сонгогчиддоо баярлалаа" хэмээлээ.