Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо нь улс орны эдийн засагт бүртгэгдээгүй буюу далд эдийн засгийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд тусгах ажлыг 2010 оноос эхлэн хийж ирсэн билээ.

НҮБ-ын Европын эдийн засаг, нийгмийн комиссоос гаргасан “Үндэсний тооцооны хүрээнд далд эдийн засгийг тооцох нь” гарын авлага буюу үндэсний тооцооны системд суурилсан аргын дагуу далд эдийн засгийн хэмжээг 7 талбараар тооцсон байна.

Манай улсын хувьд далд эдийн засгийн хэмжээ ДНБ-ий 9.2-15.7 хувийн хооронд хэлбэлзэж байна. 

Дүнгээс үзэхэд хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, биеэ үнэлэлттэй холбогдох дүн хамгийн өндөр өсөлттэй гарсан байна. Тухайлбал хар тамхи, мансууруулах бодисын худалдааны дүнг 2010 онтой харьцуулахад бараг 20 ДАХИН нэмэгдсэн ажээ.

Цагдаагийн байгууллагын холбогдох мэдээлэл, судалгаа, түүнчлэн гааль, эрүүл мэндийн байгууллагын зарим мэдээллийн эх үүсвэрт суурилан уг тооцооллыг хийсэн байна.

Мөн нийт хүн ам дахь мансууруулах бодисын хэрэглээтэй хүмүүсийн эзлэх хувь, эмчлүүлж буй хүний тоо, гэмт хэргийн тоо, хураан авсан мансууруулах бодисны хэмжээ, бодисын зах зээлийн үнэ зэрэг мэдээллийг ашиглаж энэхүү тооцооллыг гаргажээ. 

Биеэ үнэлэлтээс олсон дундаж орлогын хэмжээг баталгаажуулахын тулд Улаанбаатар хотын 6 дүүрэгт 60 биеэ үнэлэгчийг хамруулсан “Зорилтот бүлгийн судалгааг” Хүйсийн тэгш эрхийн төв, Төгс бүсгүйчүүд гэсэн 2 төрийн бус байгууллагатай хамтран ажиллажээ.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд нь бүрэн дунд боловсролтой, 17-гоос 40 хүртэл насны хүмүүс байсан. Саун массажны газраар ихэвчлэн 17-22 насны залуу эмэгтэйчүүд байсан бол гудамж, талбайд байршилтай эмэгтэйчүүдийн ихэнх нь 25-аас дээш насны эмэгтэйчүүд байсан. Гудамж, талбайд биеэ үнэлдэг хүмүүс зуучлагчаар биш өөрийн хүслээр биеэ үнэлдэг, хөлсөө шууд бэлэн мөнгөөр авдаг байна. 1 удаа үйлчилгээ үзүүлэхэд 50-80 мянган төгрөг, хоногт 3-4 хүнд үйлчилж, 150-240 мянган төгрөг авдаг байна. 

Үйлчлүүлэгчдийн дундаж нас нь 20-50 насны хүмүүс байсан. Дээрх судалгаа тайлангийн мэдээлэл болон хэлэлцүүлгийн мэдээлэлд үндэслэн биеэ үнэлэгчийн тоо, сарын дундаж орлого зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцооллыг хийжээ.

Харин НӨАТ-ын хуулийг 2016 онд шинэчлэн хэрэгжүүлснээр буюу НӨАТУС-ийг нэвтрүүлснээр ДЭЗ-ийн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр ил болж, ДЭЗ-ийн ДНБ-д эзлэх хувь буурах хандлагатай байгааг судлаачид онцолсон юм.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо