Холливуудын нэрт продюсер Харви Вайнштейныг дахин нэг эмэгтэй бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр Польшийн фото загвар өмсөгч байсан бөгөөд бүсгүйг насанд хүрээгүй байхад нь Вайнштейн дотно харьцаанд оруулахыг ятгасан тухай “New York Post” сонинд өнгөрсөн лхагва мэдээлжээ.

Нэрээ дурдаагүй эмэгтэй Манхэттен дүүргийн шүүхэд ханджээ. Тэрбээр 16 настай байхдаа буюу 2002 онд Нью-Йорк хотод болсон нэгэн үдэшлэг дээр Вайнштейнтай танилцаж байжээ. Жүжигчин болохыг хүсдэг байсан бүсгүйг продюсер Вайнштейн хэдэн өдрийн дараа үдийн зоогонд урьсан хэдий ч оронд нь түүнийг өөрийнхөө Нью-Йорк дахь сууцандаа авчиржээ гэж тус сонин мэдээлжээ.

“Мэргэжлийн замналаа өсгөж байгаагийн хариуд ийм зүйл хийх ёстой хэмээн Вайнштейн бүсгүйг хүсээгүй харилцаанд оруулахыг оролдон түрэмгий үйлдэл гаргахыг завдсан хэдий ч эцэст нь түүнийг явуулсан байна” гэж шүүхийн баримт бичигт дурдсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС