СӨҮЛ. /TASS/. Солонгосын дайны /1950-1953/ үед амь үрэгдсэн 10 хятад цэргийн шарилыг БНСУ-ын эрх баригчид БНХАУ-ын армид шилжүүлэн өгчээ.

Цэргүүдийн шарилыг Хятадын талд шилжүүлэн өгөх ёслол БНСУ-ын баруун хойд нутгийн Инчон хотын нисэх онгоцны буудалд болсон байна. Энэ арга хэмжээ нь “дайны шархыг эдгээхийн” сацуу Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.

Хятадын цэргүүдийн шарилыг 2014 оноос Бээжинд шилжүүлэн өгч эхэлжээ. Уг арга хэмжээг жил бүр Хятадын "Цинмин" буюу нас барагсдыг дурсах өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг байна.

Солонгосын дайны үеэр “Хятадын ардын сайн дурынхан” корпусын эгнээнд тулалдаж явсан 183 мянган цэрэг амь үрэгджээ. Тэд Өмнөд Солонгосын цэргүүд болон НҮБ-ын далбаан дор байлдаж байсан АНУ-ын цэргүүдийн эсрэг тулаанд Умард Солонгосын ардын армийн талд тулалдаж явсан байна. Энэ дайны уршгаар Солонгосын хойг хоёр хэсэгт хуваагдсан билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг