Төрөл бүрийн даатгал байдаг. Үүнд: Эд хөрөнгийн, гэнэтийн ослын, эрүүл мэндийн, амь насны даатгал гэх мэт. Даатгалын компани таны сонгож хамрагдсан тухайн даатгалтай хамааралтай тохиолдолд л хохирлын нөхөн төлбөрийг төлдөг.

Даатгалд хамрагдах шаардлагатай эсэхээ шийдэхийн тулд даатгалын зардлыг даатгалгүйн улмаас учирч болох хохирлын хэмжээтэй харьцуулж үзээрэй. Дараах гурван гол асуудлыг тунгаан бодоорой. Үүнд:

✔Ямар эрсдэлийг даатгуулахыг хүсч байна вэ? 

Үүнд: Машинаа хулгайд алдах, ослын улмаас эвдэрч гэмтэх, амь насаа алдах (хэрэв таныг нас барвал үүний улмаас үүсэх санхүүгийн үр дагаврыг шийдэхэд нь туслах мөнгийг таны гэр бүл авах боломжтой болно), өвдөх, таны орон гэр галд өртөх, хулгай, дээрэмд өртөх гэх мэт.

✔Эдгээр эрсдэл учрах магадлал хэр их вэ? 

Таны амьдарч байгаа орон гэр галд өртөх эрсдэл бага байж болох ч хэрэв галын аюул тохиолдвол үүнээс үүсэх хохирол асар их байна. Таны машин эвдэрч гэмтэх, хулгайлагдах эрсдэл харьцангуй өндөр байх ч үүнээс үүсэх хохирол нь орон гэрээ алдсаны улмаас учрах хохирлоос ихгүй байх биз ээ. Амьдрал дээр гэнэт нас барах эрсдэлд хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Гэвч хэрэв та гэр бүлийнхээ гол тэжээгч нь бол таныг нас барахад гэр бүлийнхэн чинь таны оршуулгын зардлыг гаргаж чадах уу?  Таны орлогогүйгээр гэр бүл тань цаашид амьдралаа авч явах боломжтой юу? Хэрэв дээр дурдсан эрсдэлийн аль нэг нь тохиолдоход та болон таны гэр бүл эдгээр зардлыг төлөх чадваргүй бол даатгалд хамрагдах талаар бодолцох нь зүйтэй.

✔Даатгалд хамрагдахын тулд хэдэн төгрөгийн зардал гаргах вэ?

 Даатгалд хамрагдах тухай бодож байвал даатгалын компаниас даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ түүний хураамжийн хэмжээ, учирсан хохирлын хэдэн хувийг нөхөн төлдөг тухай асууж мэдээрэй. Жишээ нь, хэрэв та амь насны даатгалтай байгаад нас барвал таны гэр бүл хэдэн төгрөгийн нөхөн төлбөр авах, эсвэл хэрэв таны орон гэр галд шатвал даатгалын компаниас хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгох гэх мэт.

Даатгалын хамрах хүрээ

Даатгал олон төрөлтэй. Эдгээр олон төрлийн даатгал, тэдгээрийн онцлогийн талаар даатгалын компани болон даатгалын мэргэжилтнүүд танд тайлбарлаж өгөх болно.

 

Судалгаа хийж харьцуулах

Даатгалын гэрээ байгуулахаасаа өмнө даатгалын компаниудыг харьцуулан судлаарай.  Даатгалын компани тус бүрийн санал болгож буй даатгалд хамруулах нөхцөлүүд, даатгалын хураамж зэргийг харьцуулж үзээрэй.

Хамгийн бага үнийн санал нь хамгийн боломжтой санал байдаггүй гэдгийг санаарай. Жишээ нь, цөөхөн төрлийн эрсдэлийг даатгалд хамруулж байгаа учраас, эсвэл тухайн даатгалд даатгуулсан эрсдэл учрахад даатгалын компаниас төлөх нөхөн төлбөрийн хэмжээ бага учраас хураамж нь бага байж болно. Даатгалын гэрээнд таны хүссэн бүх эрсдэлээс хамгаалах нөхцөл тусгагдсан эсэхийг та сайтар судалж баталгаажуулаарай.

 

Зарим төрлийн даатгалын гэрээгээр танд учирсан санхүүгийн бүх хохирлыг нөхөн төлдөггүй. Жишээлбэл, орон байрны хулгай, дээрмийн даатгалын гэрээнд хулгай дээрмийн улмаас учирсан 100 000 төгрөгөөс дээш хохирлыг даатгалд хамруулна гэж заасан гэвэл энэ нь 100 000 төгрөгөөс доош  хохирлыг даатгалын байгууллага төлөхгүй гэсэн үг. Үүнийг “хэмжээний хязгаарлалт” гэдэг. Хэрэв хэмжээний хязгаарлалт өндөртэй даатгалын гэрээ сонговол тухайн даатгалын компанийн төлөх нөхөн төлбөрийн хэмжээ бага байдаг учраас таны төлөх даатгалын хураамж бага байна.

Зарим төрлийн даатгалын гэрээнд эвдэрсэн, эсвэл хулгайлагдсан эд зүйлийг солих зардлыг төлнө гэсэн байдаг.  Харин зарим гэрээнд зөвхөн тухайн зүйлийн элэгдэл хорогдлыг тооцон өртгийг хувьчлан бодож гаргасан зардлыг нөхөн төлнө гэсэн байдаг.

Үнэнч шударга байх

Даатгалын компаниас асуусан бүхий л мэдээллийг та өөрийн мэдэхийн хэрээр хариулах ёстой. Хэрэв та ямар нэг чухал мэдээллийг хэлэлгүй орхигдуулах, эсвэл худал мэдээлэл өгвөл даатгалын компани таны даатгалын гэрээг цуцлах, тухайн даатгалын гэрээний дагуу таны нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж болно.

Гэрээг анхааралтай унших

Даатгалын гэрээгээр юуг даатгаж, юу даатгаагүй болохыг сайн ойлгож аваарай. Даатгалын гэрээг уншиж хянахад хугацаа зарцуулж тодорхой бус зүйл байвал даатгалын ажилтнаас тайлбарлаж өгөхийг хүсээрэй.

Ямар тохиолдолд даатгалын гэрээ үйлчлэхгүй гэдгийг мэдэж аваарай. Даатгалын бүх гэрээнд хамаарахгүй тохиолдол гэж бий.  Жишээ нь, даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл, согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон  үед учирсан хохирол зэргийг нөхөн төлдөггүй.

Даатгалын гэрээний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрөхөөс өмнө даатгалын хураамжийг төлж болохгүй.

Тэмдэглэл сайн хөтлөх

Даатгалын байгууллагад нэхэмжлэл гаргахад хэрэг болох  бүх зүйлийг сайтар тэмдэглэж хадгалах хэрэгтэй. Жишээ нь, хулгайн даатгалд даатгуулсан эд зүйлийн (тавилга ба цахилгаан бараа гэх мэт) төлбөрийн баримтыг хадгалаарай. Хулгайлагдсан зүйлс, машины осол, галын аюултай холбоотой цагдаа, замын цагдаа, гал унтраах ангийн гаргасан аливаа тайлангийн хувийг хадгалах нь зүйтэй.

Хэрэв даатгалын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлдээ дараах баримтын талаар бичээрэй. Үүнд:

  • Он сар өдөр, цаг;
  • Хамааралтай хүмүүс (жишээ нь, машины осолд хамааралтай этгээд, гэмтсэн хоолойг зассан слесарьч гэх мэт)
  • Болсон үйл явдал.

Осол гэмтлийн улмаас эвдэрч хэмхэрсэн эд зүйлс, нөхөн төлбөр нэхэмжилж буй зүйлийнхээ зургийг нэн даруй авах нь чухал. Хулгайлагдсан зүйлсийн жагсаалт гаргаарай. Баримт нотолгоо, мэдээлэл их байхын хэрээр, төдий чинээ хурдан хугацаанд даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч чадна.


Даатгалаас нөхөн төлбөр нэхэмжлэх

Даатгалын гэрээгээр даатгуулсан зүйлд эрсдэл учирвал та даатгалын байгууллагаас нөхөн төлбөр нэхэмжилж болно.

Хэрэв даатгалын гэрээгээр даатгуулсан зүйлд учирсан эрсдэлийн улмаас танд хохирол учирсан бол та нэн даруй даатгалын компанидаа мэдэгдэх нь зүйтэй. Хэрэв та даатгалын компанидаа 72 цагийн дотор мэдэгдэж чадаагүй бол даатгалын компани таны нэхэмжилсэн нөхөн төлбөрийг төлөхгүй. Түүнчлэн, хулгайн тухай цагдаад, машины ослын тухай замын цагдаад, гал гарсан тухай гал унтраах ангид нэн даруй мэдэгдээрэй.

 

Аливаа ойлгомжгүй нөхцөл байдал тулгарахад ямар журмын дагуу юу хийх ёстой тухай заавар байдаг эсэхийг лавлаж мэдээрэй.

Хэрэв энэ талаар сайн мэдэхгүй байгаа бол даатгалын компаниасаа асууна уу. Жишээ нь, таны машин эвдэрч гэмтсэн бол та өөрийн үйлчлүүлдэг авто засварын газар очих уу, эсвэл даатгалын компанийн заасан засварын газар очихыг шаарддаг уу гэх мэт. Таны машин ямар нэгэн эрсдэлд орвол өөрийн үйлчлүүлдэг авто засварын газар руу шууд битгий утасдаарай. Эхлээд даатгалын компаниасаа тухайн авто засварын газраар үйлчлүүлж болох эсэхийг баталгаажуулж асуугаарай.

 

Даатгалын компаниас таны нэхэмжилсэн хохирлын нөхөн төлбөрийг мөнгөөр төлж болно. Мөн тэд таны нэхэмжилсэн зүйлийг засах, эсвэл шинээр солих санал гаргаж болно. Ихэнх даатгалын гэрээнд “хэмжээний хязгаарлалт” заасан байдаг бөгөөд энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хувийг та өөрөө төлөх хэрэгтэй болно гэсэн үг.