Хятадын хойд хэсгийн бага ангийн сурагч гэрийн даалгавраа хийж байхдаа алдаа гаргасанд ээж нь цохисны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Охины тархи гэмтэж, судас нь тасарсан байна.

Шеньси мужийн Тогчуан хотод амьдардаг 8 настай охин гэрийн даалгавар хийх явцдаа хүүхэлдэйн кино үзсэн нь түүний анхаарлыг сарниулах гол шалтгаан болсон байна. Охин олон алдаа гаргасныг ажигласан ээж бачимдан уурлаж, охиныхоо тархины ар тал руу цохиход охин өвдсөндөө уйлжээ. Гэнэт буруутай үйлдэл хийснээ ухамсарласан ээж охиноо тайвшруулахаар даршилсан тахианы хөл  гарган  ирж, охиндоо өгчээ. 

Охин хоол идсэний дараа уйлахаа больсон байна. Гэсэн ч удалгүй бөөлжиж эхэлжээ. Охины ээж тахианы хөл муудсаны улмаас хоолны хордлого туссан гэж итгэн охиныг эмнэлэгт хүргэсэн ч охин тэр оройдоо эмнэлэгт амьсгал хураасан байна.

Тун удалгүй эмч нар охины үхэлд тахианы хөл ямар ч холбоогүй болохыг тогтоосон аж. Харин охин тархины гэмтэлээс үүдэлтэй дотуур цус алдалтаас нас барсан болохыг илрүүлжээ. 

Мөн охин ховор төрлийн тархины судасны гажигтай байсныг тогтоосон ба энэ нь болзошгүй аюулд хүргэх боломжтой байсан гэж эмч мэдэгдсэн байна. Охины ээж хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа ч харамсал хэтэрхий оройтжээ. Түүний шийтгэл нь нэгэнт гажигтай байсан цусны судсыг тасрахад нөлөөлж, улмаар охин амиа алдахад хүргэжээ.

Бие махбодийн шийтгэл нь азийн олон өрхөд төдийгүй сургуулиудад үргэлжилсээр байна.

Энэ оны эхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон түүний кабинетийн гишүүд, эцэг эхчүүд хүүхдээ сахилга баттай байдалд  сургахдаа зодуур ашиглахгүй байх хуулийн төсөл өргөн барьсан юм. 8 настай охин 2015 оны 6 дугаар сард нас барсан боловч, Хятадын мэдээллийн хэрэгслүүд эцэг эхчүүдэд биеийн тодорхой хэсгүүдэд (дагз, дух, чихний ард хэсэг) цохих нь аюул учруулж болохыг анхааруулах зорилгоор тус явдлыг эргэн сануулсан байна.

Охины ээж хийсэн үйлдэлдээ шийтгэл хүлээсэн боловч хоригдож буй эсэх нь тодорхойгүй аж.



Эх сурвалж: https://nextshark.com