Нэрт зураач Леонардо да Винчигийн 500 жилийн настай уран зургийг Абу Даби дахь Луврын музейд тавихаар илгээжээ. Нээгдээд удаагүй тус музейг Твиттер хуудастаа энэ талаар бичсэн байна. Есүс Христийг дүрсэлсэн “Ертөнцийн аврагч” нэртэй энэхүү зургийг энэ сард Нью Йорк хотноо дуудлага худалдаанд оруулж 450 сая доллараар худалдсан нь дээд амжилт эвдсэн. Урлагийн бүтээл өмнө нь 450 сая долларын үнэ хүрсэн удаагүй билээ. 

Энэхүү зургийг Саудын хунтайж Бадер бин Абдуллах бин Мухамед бин Фархан аль-Сауд худалдаж авсан гэж хэвлэлүүдээр мэдээлсэн баттай мэдээлэл биш аж. Зургийн эзэн хэн байсныг Луврын шинэ салбараас мэдээлэл өгсөнгүй. 

Леонардо да Винчи 1519 онд таалал төгсөж, түүний уран зургаас 20 хүрэхгүй нь л үлджээ. “Сальватор Мунди” зургийг 1505 оноос хойш зурсан гэж шинжээчид үздэг. 

Абу Даби дахь Луврын музейг 10 жилийн турш нийт нэг тэрбум фунтын хөрөнгө оруулалтаар босгож, энэ сарын эхээр нээсэн байна. Музейд өөрийн өмчийн 600 орчим, Францаас зээлсэн 300 орчим урлагийн бүтээл бий.