Сурагчдын амралтын хугацааг сунгах болон коронавирусын асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрээр "Томуу, томуу төст өвчин амбуляторын үзлэгт 15 хувьд хүрсэн тохиолдолд сурагчдын амралтыг сунгах, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авдаг. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчний амбуляторын үзлэгт эзлэж буй хувь хөл хорио тогтоох хэмжээнд очоогүй байна. Гэхдээ 10 хувьд хүрч, эмнэлгүүдэд ачаалал ихэссэн учир БСШУСЯ-тай яриад сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан. 

Одоо амралтыг сунгах асуудлаар БСШУС-ын сайдтай манай эрүүл мэндийн байгууллагатай ярих бодолтой байгаа.

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны төлөөллүүд, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч болон бие Номхон далайн суурин бүсийн захиралтай өнөөдөр 10 цаг 40 минутад шууд утсаар холбогдож мэдээлэл авлаа. Энэ мэдээллээр нийт 850 хүн БНХАУ-д коронавирусын халдвар авч, 25 хүн нас барсан байна. Дэлхийн 6 оронд тус вирусын халдвар авсан тохиолдол батлагдсан, олон оронд сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Өвчний үүсвэр нь тодорхой болоогүй ч урьдчилсан байдлаар могой, минж, дорго, сарьсан багваахайгаас гаралтай байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ өвчин нь шинэ вирус. Одоогоор тус вируст чиглэсэн вакцин болон эмчилгээ байхгүй.

Манай улсын хувьд 21 вирусыг илрүүлж чаддаг. Халуурах зэрэг вирусын шинж тэмдэг илрээд эдгээр 21 вирусын аль нь ч биш гэсэн шинжилгээ гарах юм бол сэжигтэй тохиолдолгэж үзэж, тусгаарлаж байгаа. ХӨСҮТ-д хэрэв ийм тохиолдол илэрвэл гээд 50 ортой тусгай тасаг бэлдсэн" хэмээлээ.