Байгал орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр цахим хуудсаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэснийг хүргэж байна.

Тэрээр "Амралтын өдөр зарим нэг  асуудлаар Та бүхэнтэйгээ мэдээллээ хуваалцъя. 

1. Манайх гадаадад буй иргэдээ сайн татаж байна. Анх агаарын тээврээ хааснаас хойш сард 1-4 удаа л онгоц нисгэж байсан. Одоо 14-өөс доошгүй болж. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ энэ эрчээрээ 8, 9,10 дугаар сард авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ ирэх иргэдийн маань тоо цаашдаа нэмэгдэх л болов уу. Саяхан 9 гэж байсан одоо 12 мянга болсон байна.  Хэд ч болсон бай эмнэлгийн ор, тусгаарлах байрны боломж, зохицуулалтын хүрээнд авч л таарна. Хууль нь тийм юм. 

2. Тэр гүйгүүл морь шиг гүйгээд ирсэн охиноо олон сар тогтсон журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ бариад дор нь хүлээн авч тусгаарлах бүрэн боломжтой байсан. Харин цаашид нэг нэгээрээ ингэж ирж болохгүй гэдгийг анхааруулах нь зүйн хэрэг. 

3. Тусгаарлах байрыг мэргэжлийн хэд хэдэн байгууллагын төлөөлөлтэй ажлын хэсэг явж газар дээр нь танилцаж сонгодог. Хэрэв бясаатай, угаадас шиг хоолтой газрыг сонгосон бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Ташаа мэдээлэл бол мөн хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай. Нислэг болон тусгаарлалтын мөнгөө төлөөд ирсэн иргэддээ "ирсэн чинь их юм" гэдэг байдлаар хандаж болохгүй. 

4. За тэр сонгуульд Ардын нам коронагийн хандивын 890 сая доллар ч гэнэ үү мөнгө зарсан гэдэг харин давс шүү. Нэр дэвшигчдэд намаас нэг ч төгрөг өгөөгүй. Харин сонгуулийн мөрийн хөтөлбөр л хэвлэж өгсөн. Бусдаар бол дор бүрдээ л эрвийх дэрвийхээрээ ажилласан. Найз, нөхөд, хамт олны дэмжлэгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ерөнхий сайд, намын дарга маань 76 нэр дэвшигчтэй уулзахдаа "Нам та бүхэнд мөнгө өгөхгүй. Чадна болно гээд нэр дэвшиж байгаа гэж ойлгож байна. Харин эмэгтэйчүүддээ дэм болохыг эрэгтэйчүүдэд захья" гэсэн. Ийм л юм. 

5. Хэдэн хүүхдүүд маань "атаршиж" хичээл номгүй болох нь. Хүн амын дунд коронавирус гараагүй байгаа учраас халдвар  хамгааллын дор аль болох бөөгнөрөл үүсгэхгүй 9 дүгээр сарын 01-нээс сургуулиа  эхлүүлье гэдэг саналаа Онцгой комисс Засагт оруулсныг дэмжсэн. Ковид-19 шинэ өвчин учраас боловсролын яам маань теле, танхим хослуулаад эхлээд үзье гэж буй юм билээ. Миний хувьд ч "аль өдөр нь вирус халдварлахгүй гэж  мэдэж байгаа юм" гээд асуугаад л авсан. Халдвар гарсан нь тэр дороо мэдэгдэхгүй учраас сийрэг, давтамж хол байх нь эрдлээс л сэргийлж буй хэрэг. Тиймээс туршаад үзье. Тэгээд аль оновчтойг нь сонгоё гэж яам нь үзэж байна. Энэ бол бас юмаа мэдэхгүй, мангуудаа сонгочихсон шийдэл биш юм.  

Ер нь коронавирусийн дэлхийн нөхцөл байдал улам муудаж манайд эрсдэлтэй болж эхэлбэл сургуулиа дахин хааж л таарна. Улс орнууд эргэж буцсан шийдвэр олон гаргаж байгаа нь ч үүнтэй холбоотой буйзаа. Коронавирусийн аюул ард биш урд байна. Тиймээс аль болох стрессгүй, хүлээцтэй, эв нэгдэлтэй байж, дархлаагаа сайжруулах алтан цаг үеийг үр дүнтэй ашиглахыг уриалъя. 

Дашрамд хэлэхэд Коронагийн эсрэг шидэт шийдэл одоогоор гараагүй байгаа тул хамгийн энгийн найдвартай арга - амны хаалт хэвээрээ байгаа" гэжээ.

Амралтын өдөр зарим нэг  асуудлаар Та бүхэнтэйгээ мэдээллээ хуваалцъя. Анх ФБ-д нэгдэхдээ "мэдээллээ хуваалцана" гэж...

Posted by Сарангэрэл Даваажанцан on Saturday, August 1, 2020