Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн даваа гарагт УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, хоёрдугаар сард багтаан тэтгэврийн зээлийг тэглэхээр төлөвлөөд буй.

Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг танилцуулав.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол "С.Чинзориг сайдад манай байнгын хорооны зүгээс өгөх тодорхой гурван чиглэл байна. 

1. Тэтгэвэр авсан иргэдийн зээлийн хэмжээтэй бид урьдчилсан байдлаар танилцсан. Нийт 229.000 хүн тэтгэврийн зээлтэй байна. Нийт зээл авагчдын 91.5 хувь буюу  207.890 нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Тиймээс энэ хүрээнд хязгаар тогтоож, зээлийн өрийг тэглэх асуудлыг ярих шаардлагатай гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. Энэ чиглэлээр санал оруулж ирэх нь зүйтэй.

2. Тэтгэврийн зээлгүй 192.000 ахмад байна. Өнөөдрийн нийгэм, баялгийг бүтээхэд оролцсон тэдгээр ахмадуудад зориулсан ямар нэгэн хэлбэрийн шийдэл оруулж ирэх нь зүйтэй. Тиймээс ажлын хэсгийнхэн уг асуудалд саналаа нэгтгээд, асуудлыг цогцоор нь ярих зөв гэж үзэж байна. Нийгэмд ч ийм хүлээлт байгаа учир асуудлыг жигд шийдээд явъя. Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд эдгээр санааг нэмж, цогц хуулийн төсөл боловсруулж оруулж ирэх хэрэгтэй.

3. Өргөн барьсан хуулийн төсөлд тэтгэвэр барьцаалсан зээл цаашид олгохгүй байхаар тусгасан байна. Ахмадуудад хэрэгцээтэй байгаа учир 3-6 сараар богино хугацаагаар урьдчилан авч байж болох эсэх асуудлыг судлах шаардлагатай" хэмээлээ.