Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "7 дугаар сарын 24-нд нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний хоёр дахь давтан шинжилгээ, Монголд ажиллаж байгаад эх орондоо буцахаар болсон БНХАУ-ын 161 иргэнийн шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдан эмчлэгдэж буй хүмүүс, өвчтөнтэй тулж ажиллаж буй 39 эмч, сувилагч, ажилтны шинжилжилгээ, тандалтын зорилгоор 11 хүнд хийсэн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан  4 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн шинжилгээ хамрагдсан. Бүдийнх нь хариу сөрөг гарлаа.

Өнөөдөр хүн нэг эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ нь 31 настай эмэгтэй бөгөөд 32 хоног эмчлэгдэн эдгэрлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 288 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 218 нь эмчлэгдэн эдгэрсэн. 70 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж буйгаас 61 хүний биеийн байдал хөнгөн, 9 нь хүндэвтэр байна. 

Мөн Дорнод аймагт тусгаарлагдсан нэг жолоочийн шинжилгээг дорнод бүсийн лабораторт хийсэн. Хариу нь сөрөг гарсан. Бид төрийн бусад байгууллагуудтай хамтран дараагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдээ хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" хэмээлээ.