Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 15-нд нийт 184 хүний сорьцод шинжилгэ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолоочийн шинжилгээ, Сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 3 хүний давтан шинжилгээ, тандалтаар нэг хүнд хийсэн шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Нэг нь 5 дугаар сарын 29-нд онош батлагдсан ОХУ-аас ирсэн 20 настай оюутан эмэгтэй бөгөөд 48 хоногт эмчлэгдэн эдгэрлээ. Нөгөө нь 6 дугаар сарын 11-нд онош батлагдсан Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй бөгөөд 34 хоногт эдгэрсэн.

Монгол Улсад коронавирусийн нийт 261 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс нь 209 эдгэрсэн. ХӨСҮТ-д 52 хүн эмчлүүлж буйгаас 51-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна. 

Өчигдө Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор нийт 428 хүн ирсэн. Эрэмбэлэн анилалтаар 3-ыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн хүмүүсийн шинжилгээний сорьцыг авах ажил өнөөдөр эхэлсэн" хэмээн мэдээллээ.