Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 11-нд Сүхбаатар аймагт тусгаарлагдсан хоёр болон Замын-Үүдэд тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Энэ сарын 12-нд Дорнод аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Шинжилгээ хийгдэж байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний сорьц өнөө өглөө 05.00 цагт ХӨСҮТ-д ирсэн. Одоо шинжилж байна. Улсын хэмжээнд нийт 120 сэжигтэй тохиолдлыг шинжилж хянасан.

Япон улсын ХӨСҮТ-өөс ирүүлсэн 1000 оношлуурыг өчигдөр орой хүлээж авсан" хэмээв.