Шинэ коронавирусын асуудлаар Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр буюу энэ сарын 30-нд ХӨСҮТ-д 18 хүн тусгаарлагдаж байснаас 6 нь гарсан. Шинээр 4 тохиолдлыг шалгаж байна. Улмаар өнөөдрийн байдлаар 16 сэжигтэй тохиолдол байна. Эдгээр хүмүүс хэзээний ямар онгоцоор ирсэн зэрэг түүхүүдийг бид судлаад ямар хавьтлаар халдвар авах магадлалтай зэргийг асуумжаар тогтоосон. Давхар лабораторын шинжилгээ хийж байна. Хариу нь гарахаар мэдээлнэ. ДЭМБ онцгой байдал зарласантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж, бэлэн байдлаа дахин шалгаж баталгаажуулсан. Дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байна. Үүнийг хоёр дахин нэмж, 8 болгох нөөцийг сургаж бэлдсэн. 

Коронавирусын талаар дахин хэлэхэд титэм хэлбэртэй энэ вирус анх 1960 онд бүртгэгдэн оношлогдсон. Үүсгэж буй аюул нь энгийн ханиаднаас эхэлж, шинж тэмдэг нь адил явагддаг. Өмнө нь мерс коронавирус, 2002 онд сарс коронавирус гээд шинэ төрлүүд нь гарч байсан. Дэлхийг цочроож, олон оронд халдвар тархаасан уг вирус ийм түүхтэй. 2019 оны энэ короновирусийг судалж байна. Мерс нь нэг бөхт тэмээнээс, сарс нь сарьсан багваахай буюу амьтнаас гарсан. Шинэ коронавирусийг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс, могойноос гарсан гэж үзэж байна. Судлагдаад тодорхой болно. 

ХӨСҮТ-д 80066829 дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна. Үүнд анализ хийж үзэхэд энэ сарын 22-29-ны хооронд нийт 891 дуудлага хүлээн авсан. Өдөрт дунджаар 100 гаруй дуудлага ирсэн. Нийт дуудлагын 50 хувь нь шинэ коронавирусын халдвартай холбоотой асуулт асууж, зөвлөмж авсан. Энэ нь бидний урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын үр дүн. Гэхдээ ачаалал ихтэй ажиллаж буй энэ үед утас руу залгаж хэрэггүй, өөр зүйл асууж ачаалал хүндрүүлж буй хүмүүс бас байна" хэмээн мэдээллээ.


ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн мэдээллийг ЭНД дарж уншина уу.