Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн эмчилгээний талаар мэдээлэл өгсөн.

Тэрээр "Халдвартай өвчтөний эмчилгээнд барьж буй хамгийн гол зарчим бол ДЭМБ-ын зөвлөмжийг дагах юм. Мөн эмч нарын ур чадвар, мэдрэмжээр эмчилнэ.

Вирусийн эсрэг гол эм болох авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг татаж авсан. Сүүлд авсан Ремдизивир гэх эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь төлбөр өндөр байдаг. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй эмийг Монгол Улс хоцролгүй, цаг хугацаандаа татаж авсан. Эмчилгээнд нарийн тайлбар өгөх нь зохимжгүй. Учир нь хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна. 

Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг, үр нөлөөг тогтмол хянаж, харьцуулдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байх тал дээр онцгой анхаарч байна.

Нэг хүний эмчилгээний зардал 6,7-8.9 сая хүртэл төгрөг байна гэж тооцоо гарсан. Үүнд эм, оношлуур, компьютер томографи зэрэг олон төрлийн шинжилгээ, тухайн хүнд эмчилгээ хийж байгаа 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон байдаг. 

Илрүүлэх шинжилгээ хийгээд эмчилгээнд оруулсан боловч эмчилгээний  үр дүн, вирусийн тоо цөөрч байна уу зэргийг хянах шинжилгээг байнга хийдэг. Мөн хамар, залгиур, арчдас, өтгөнд гээд маш олон талаас шинжилгээ авдаг. Эдгээр шинжилгээнүүд багтаад ийм үнийн дүн гарсан.

Халдвартай хүний бие хүндэрсэн тохиолдолд манай улсад Экмо аппарат бэлэн байгаа. Эмч тус аппаратад оруулах шаардлагатай гэвэл ашиглахад бэлэн болгосон" хэмээлээ.