Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Би нэг зүйлийг харьцуулан хэлье. ДОХ-ын вирус бол дархлалыг олдмолоор хомсдуулж, дархлалын эсүүдийг сүйрүүлж, тоог нь байнга унагаж, дархлаагүй болгодог. Тиймээс ДОХ-ын халдвар авсан хүмүүс дархлаагүй болсноор бусад энгийн нян, бактерийн халдваруудад өртдөг. Мөн хууч өвчнүүд нь хүндэрдэг. 

Тэгэхээр дархлаа гэдэг бол бидний дотор байдаг, биднийг хамгаалдаг бүрэн зэвсэглэсэн арми юм. Энэ нь дархлалын олдмол хомсдлын улмаас тогтмол унадаг. 

Мөн архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресстэх, сэтгэл санаагаар унах, зөв цагтаа унтахгүй байх, хамаг цагаа компьютер юмуу гар утас ухаж өнгөрөөх зэрэгт дархлааны эсүүд үй олноороо унадаг. Гэхдээ дархлалын олдмол хомсдол  шиг байнга унахгүй. Архи, тамхи хэрэглэхгүй байвал дархлааны эсүүд сэргэдэг. 

Хүмүүс архи уугаад шартчихлаа гээд хэвтээд байдаг. Энэ бол дархлааны эс маш олноороо унаснаас биеийн байдал нь хамгаалах чадваргүй болсон гэсэн үг. Улмаар архи уухаа болиод арчлаад ирэхээр биеийн байдал буюу дархлаа нь сэргэдэг. Дархлаа унасан үед бусад өвчнөөр өвдөх, халдварлах нь магадлал ихэсдэг.

Иймд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, муу зуршил буюу тамхи татахгүй байх, бие биедээ муу үг хэлж стрестүүлэхгүй байх, сэтгэл санаа өндөр байж, сайн унтаж амрахыг захиж байна" хэмээлээ.

Мөн тэрээр өмнө нь мэдээлэл хийх үеэрээ "Үндсэндээ бид маш олон сарыг амжилттай өнгөрөөлөө. Нэлээд туршлагажиж байна. Нүүдэлчдийн тэвчээрийг шалгасан коронавирустай бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Тэвчээр алдаж болохгүй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Зуны дэлгэр цагийг ашиглаж, уулын энгэр, голын дэргэд очиж нар, агаар салхинд монгол мах, цагаан идээгээ идэж, дархлаагаа дэмжээрэй. 10 дугаар сард дэгддэг улирлын томуутай коронавирус хавсарч биднийг айлгаж магадгүй байна. Үүнд иргэд биеэ маш сайн бэлдэх хэрэгтэй" гэдгийг онцлон зөвлөсөн юм.

Монгол Улс дахь коронавирусийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар ЭНД дарж уншина уу.