Манай улс энэ жил тарваган тахлын голомтот бүс болж байгаа учир тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй, хавьтал болохгүй байхыг холбогдох байгууллагууд тогтмол анхааруулж буй. Гэвч өнгөрсөн долоо хоногт тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Завхан аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нэг хоног хаасан.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт манай улсад тарваган тахлын хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь Баянхонгор, Завхан аймагт бүртгэгдсэн. ЗӨСҮТ-ийн баг готомтод ажилласан, сэжигтэй хоёр тохиолдлын эхний болон PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.

Завхан аймгийн иргэн аймгийнхаа Халдвартын эмнэлэгт хэвтсэн. Гэртээ 8 хүнтэй хавьтал болсон учраас хавьтал болсон бүх хүнд PCR шинжилгээ хийлгэхээр сорьц нь өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа. 

Анхааруулж хэлсээр байтал манай иргэд эрэгтэй, эмэгтэйгүй тарваганы мах идсэн өгүүлэмжтэйгээр булчирхай цочих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Үүнээс үүдэн лабораторын шинжилгээ хийх, голомтод ажиллах зэргээр нэг хүнд 100 орчим сая төгрөг улсаас зарцуулж байна. Өндөр эрсдэлтэй үед ууж, идэх зүйлдээ хяналт тавихгүйгээр коронавирусийн үед эмнэлгийн байгууллагад ачаалал өгч, эдийн засгийн хүндрэл үүсгэж, хөл хорио тогтоосноор бусад иргэдэд мөн асуудал учруулж байна. Эмч, цагдаа, мэргэжлийн хяналтынхан мөн тухайн орчинд нөгөө айхтар хамгаалалтын битүү хувцастай ажиллаж байна. Тиймээс ийм хүндрэл учруулахгүй байхыг иргэдээсээ хүсэж байна" хэмээлээ.