МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг мягмар гарагт Москва хотод хэлэлцэнэ гэж Оросын сайд нарын танхимын хэвлэлийн алба мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголын Ерөнхий сайдыг Москвад айлчлахыг урьсан билээ.

Орос, Монголын Засгийн газрын тэргүүн нар хоёр орны худалдаа-эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, соёл-хүмүүнлэг болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. Ерөнхий сайд нар хэлэлцээ хийснийхээ дараа Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээнд, түүнчлэн корпорацын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

ОХУ-ын шадар сайд Алексей Гордеевын мэдэгдсэнээр, У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Орос-Монголын бизнес форумыг нээхээр төлөвлөсөн байна.

Сүүлийн гурван жилд Орос, Монголын бараа эргэлтийн хэмжээ тогтвортой өсөж байгаа юм. Шинжээчдийн тооцоолсноор, 2018 онд энэ үзүүлэлт 1 тэрбум 65 сая орчим ам.доллар /2017 оныхоос 20 хувиар өссөн/ байсан бол 2019 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд дахин 13 хувиар өсжээ.

Хоёр орны хамтын ажиллагааг Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭХ/ хүрээнд хөгжүүлэх хэтийн төлөв бий. Монгол Улс ЕАЭХ-той чөлөөт худалдааны гэрээ удахгүй байгуулна гэж найдаж байна гэж тус улсын шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрөгч зургадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо мэдэгдсэн юм.

Үүний сацуу Монгол Улс тус холбоонд цаашид элсэх боломжийг үгүйсгэхгүй байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар 10 дугаар сард ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө, ЕАЭХ-нд элсэх үйл явцыг эхлүүлэх эсэх нь чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээ байгуулсны дараа улс орны эдийн засаг хэр амжилттай хөгжихөөс шалтгаална гэжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр өнөөдөр тус улсыг зорьсон юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг