"Хятад хэлний" хэмээн олноо хүндлэгдсэн орчуулагч, “Гэгээ” коллежийг үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Болдбаатартай ярилцлаа. Тэрээр бидний мэдэх “Хуан Жу гэг”, “Чингис хаан” кино, “Чонон сүлд”, “Мөрөн голын шулам хүүхэн”, “Журамт бүсгүй Лү Би Лянь” зэрэг олон арван бүтээл орчуулсан.

-Гар утас хэрэглэдэггүй учраас тантай холбогдох амаргүй байлаа. Яагаад гар утас хэрэглэдэггүй юм бэ?

-Ер нь гар утас оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний хувьд их саадтай эд шүү дээ. Анх миний энэ зуршлыг ах дүүс, анд нөхөд маань төдийлөн ойлгодоггүй байсан. Харин одоо тань шиг болчих юмсан, энэ гар утас маажих ч ядаргаа юм гэсэн хүмүүс цөөнгүй болжээ.

-Та голдуу хөдөө суудаг бололтой?

-Би сүүлийн үед хотоос зайдуухан сууж ном хийх дуртай болсон.

-Та Монголд хятад, япон, орос сургууль байна харин Монгол сургууль алга гэдэг. Энэ талаар яриагаа эхэлвэл ямар вэ?

 -Монголд хүнээ бэлддэг Монгол уламжлалт  арга барил, сургалттай сургууль алга. Мэдээжийн хэрэг над шиг жирийн сэхээтэн хүн аятайхан байршилд газар хөөцөлдөөд, сургуулийн байр барих хөрөнгө босгоно гэдэг амаргүй. Тийм болохоор төр засгаас ойлгож дэмжих учиртай л даа.

-Та хөөцөлдөж үзэв үү?

-Манайд боловсролыг бизнес утгаар нь хараад эрх мэдэлтэй, мөнгө хөрөнгөтэй хүмүүс л сургууль байгуулж ашиг олох боломжтой болчихож. Харин жинхэнэ боловсролоо мэддэг цөөн хүмүүс тайзан дээр байх учиртай байтал үзэгчдийн суудлын нэлээд хойгуур суучихаад байгаа нь манай нийгмийн эмгэнэл юм даа.Таньж мэддэг ганц нэг дарга даамалдаа энэ тухай ярьдаг юм. Гэхдээ уухайлаад дэмжих тал дээр манайхан ер нь л хойрго талдаа шүү дээ. 

-Өнөөгийн сургуулийн багш нар хэт их даалгавраар дардаг. Харин таны сургах арга эсрэгээрээ?

- «Сайн оюун», «Төрмөл эрдмийг» мохоож бөхөөж байгаа зүйл бол хэт их гэрийн даалгавар. Саяхан би нэгдүгээр ангийн хүүхэд өөрөө хүсвэл өдөрт 10 минутын гэрийн даалгавар хийж болно гэснийг уншлаа. Гэтэл манай эцэг эхчүүд өндөр төлбөртэй сургуульд оруулчихдаг. Сургууль нь авсан зардалдаа дүйцүүлэх гэж асар их даалгавраар хүүхдийг дардаг нь ажиглагддаг. Юун 10 минутын даалгавар байх вэ, уг нь хоёр настай хүүхэд ямар ч гэрийн даалгавар энэ тэр гэлгүй хар аяндаа төрөлх хэлээ сурчихдаг шүү дээ. Би тийм л байгалийн, зөнгөөрөө аргыг гадаад хэлний сургалтанд хэрэглэдэг дээ.

-Та “Хүүхэд зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутан байдаг. Харин сургуульд орчихоор жирийн хүн болж хувирдаг” гэж бичсэн байсан?

-Энэ бол өрнөдийн эрдэмтний хэлсэн үг л дээ. Зургаан нас хүртлээ суутангийн хэмжээний оюуны нөөцтэй байснаа сургуульд сураад л жирийн иргэн болон хувирчихаад байгааг ажигласан нь сайн хэрэг. Гэхдээ манай ард түмэн, өвөг дээдэс эртнээс нааш энэ асуудлын учгийг мэдэж байсан нь мэдрэгддэг. Манай Монголын уламжлалт гэр сургалтын аргад зургаа хүртэл насандаа суутан байсан тэр чанарыг нь барьж сургадаг байжээ. Гэхдээ мэдээж суутан энэ тэр гэж нэрлэхгүй л дээ. «Сайн оюун», «Төрмөл эрдэм» гэж нэрлэж тэр гоц ухаанд тохирсон сургалт явуулдаг байжээ  

-Та энэ мэтээр Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг?

-Хотын төвийн сургуулиудад 70 хүүхдийг нэг ангид шахцалдуулж суулгаад сургаж байна. Өвөл цагт салхивч нээх аргагүй нөхцөлд шүү. Би захиралтай нь хааяа зарим сургуулийн анги танхимаар ордог. Тэгэхэд нэг ангид дор хаяж дөрөв таван балчир хүүхэд ширээ дэрлээд хэвтэж байгаа дүр зураг ажиглагддаг. Тэр хүүхэд агаар дутагдаад унтах гэхээсээ илүүтэй муужралын байдалтай байгааг захирал нь, багш нь, хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө анхаарах ёстой юм. Гэрийн даалгаврын тухайд бол надтай уулзсан цөөнгүй эцэг эхчүүд сэтгэл шимшрэм зүйлсийг асуудаг. Энэ мэт шүүмжлээд байвал маш олон асуудал бий. Харин аливаа асуудлыг шийдэх гарц заавал байдаг болохоор манай Гэгээ боловсролын төвийн хамт олон энэ чигт өөрийнхөө үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна даа. Өөрөөр хэлбэл сургалтын авсаархан, хялбар атлаа маш үр дүнтэй арга зүйг боловсруулах чиглэлээр ажиллацгааж байна.

-Засч залруулахын тулд бид юунаас эхлэх ёстой вэ, системд нь ямар  өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Юуны өмнө багш бэлтгэх тогтолцоондоо маш сайн анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн зун манай онлайн сургалтанд нэртэй дунд сургуулийн багш хамрагдаж англи, хятад, япон хэлийг маш амжилттай дүүргэлээ. Ердөө хоёрхон сарын хугацаанд шүү. Би багш оюутнуудыг ийм маягаар бэлдэж үзэх сэн гэж боддог. Хэдхэн сарын дотор гурван гадаад хэлний дөртэй болчихож байгаагийн цаана ихээхэн ухааны цараа, сахилга хариуцлага нуугдаж байгаа нь тодорхой. Тийм л залуус олон арваараа багш болж хүүхэд залуусыг оюуны харгуйд хөтлөөсэй гэж боддог.

-Эрдэм сурахад, хэл сурахад сэтгэлээ тогтоох хамгийн чухал гэж та үздэг. Ер нь сэтгэл тогтож, төвлөрөх гэж юуг хэлэх вэ?

-Сэтгэлээ тогтоохын тулд дэгтэй байх, өдрийн зөв дэглэмтэй, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй юм. Тэгвэл билиг оюуны алдагдсан энерги буцаж хуримтлагдаад юуг ч сурахад дөхөмтэй байж таарна. 

-Толгой доторх мянган бодлоо цэгцэлнэ гэж ойлгож болох уу? Өдөр  тутамдаа сэтгэлээ таньж захирч сурахын тулд жирийн хүн юу хийж сурч хэвших ёстой юм бол?

-Тэр олон бодлын хэрээр оюун ухааны энерги алдагдаж саараад байгаа хэрэг. Бодол цөөрөөд ирэхийн хэрээр аажимдаа алдагдаж байсан оюуны энерги эргээд хуримтлагдаж эхлэнэ. Түүнийг дагалдаад ажил хөдөлмөр, хичээл сурлагын үр дүн эрс сайжраад ирдэг. Хувь хүн энэ ёсыг л сайтар ухаарчихсан байхад хэрэгжүүлэх арга зам аяндаа тодроод ирнэ дээ.

-Таныг монгол хүнд тохирсон гадаад хэл заах аргатай гэдэг. Ямар арга барилаар бид илүү сайн сурч чадах вэ?

-Миний арга ч юу байхав. «Морины нуруун дээрээс буулгүй дэлхий дахиныг эзлэх амархан. Харин морины нуруун дээрээс буугаад дэлхийн дахиныг засан тохинуулах хэцүү» хэмээх эзэн Чингисийн айлдвар байдаг шүү дээ. Мэдээж хэрэг дэлхийн дайдыг эзлэсэн өвөг дээдсийн маань хувьд харь газрын хүмүүстэй нэвтрэлцэхэд хамгийн түрүүнд тулгарах саад нь гадаад хэлний бэрхшээл байж. Үүнийг шийдэхийн тулд «Гадаад хэлний гэрийн сургалтын арга» боловсруулж дорно дахины таван хэлийг хувь хүн төвөггүй сурдаг байжээ. Түүний гол нууц нь юуны өмнө сэтгэлээ таньж захирч сурах явдал юм л даа.  

-Та хэл үзэж байгаа хүмүүст цээжлэх, дүрэм үзэхгүйгээр сурахыг та зөвлөдөг. Яагаад тэр вэ?

-Хоёр настай хүүхэд яг л тийм аргаар эх хэлээ төвөггүй сурчихдаг биз дээ. Хэл үзэж байгаа хүмүүс үүн шиг өөрт зовиургүй хөнгөн хялбар сурах учиртай юм.

-Ер нь Монголчуудыг юм юмандаа авъяастай гэдэг. Энэ үнэн үү эсвэл бид өөрсдийгөө хөөргөөд байна уу?

-Манай Монголчууд угаасаа эрдэм мэдлэг, тэр дундаа гадаад хэл сурах явдлыг онцгой эрхэмлэж ирсэн. Хятад, Япончууд хэдэн мянган жилийн турш сураад хурдан сурах оньсыг нь одоо болтол тайлж чадаагүй ханз үсгийг өөрийн аргачлалаараа олон арван монгол залууст онлайнаар заадаг. Хичээллээд ердөө 2-3-хан сарын хугацаанд роман уншиж, кино үзээд ойлгох чадвартай болж байна. Ингэхээр Монголчууд хэл сурахдаа адтай, авъяастай гэхээс өөр юу хэлэхэв.

-Монголчууд нэг үеэ бодвол хятад хэл шамдан сурч байна. Үүнийг зарим хүмүүс тийм ч таатай хүлээж авдаггүй. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэгж санаа зовниод байгаа хүмүүс Хятад улсыг өрсөлдөгч, зарим талаар дайснаа хэмээн санадаг байж магадгүй. Хэрвээ тэгж бодож байгаа бол «Өрсөлдөгч дайснаа өөрөөс нь дутуугүй судла» хэмээн Сүньзыгийн цэргийн номлолд байдаг үгээр хариулъя даа. Ер нь бид хятад гэлтгүй Умард хөршөө ч маш сайн судлаж байх нь зүйтэй санагддаг. 

-Хятад хэлтэй чадварлаг орчуулагч нар цөөрсөн гэдэг.  Орчуулагч нар ямар шүүлтүүрийг давах ёстой вэ?

-Ард түмэн байгаа цагт авъяаслаг сайн орчуулагч нар дундарна, цөөрнө гэсэн асуудал байхгүй л дээ. Миний бодлоор гайгүй сайн орчуулагч болохын тулд хувь хүний сонирхол, хичээл зүтгэл, зорилго тэмүүлэл тэр зүгт хандсан байх хэрэгтэй. Дээр нь төөрөг заяа, эртний ерөөл барилдлага ч байдаг юм шиг санагддаг шүү.

-Та өөрөө хэр хүнд хэцүүг туулж байв. Хятад хэлний орчуулагч болохын тулд таны таван үеийн намтар судалж байсан гэсэн?

-Миний бага залуу үед манай улс Хятад улстай таагүй харилцаатай байлаа. Тийм болохоор МУИС-ийн Хятад хэлний ангид элсэхээр шалгарсан хүүхдүүдийн хувийн хэргийг МАХН-ын төв хорооны үзэл суртлын хэлтэс дээр тусгайлан судалдаг байсан юм. Ингэхдээ таван үеийн намтрыг судалж, удам сударт нь хятад цус холилдсон эсэхийг шалгадаг байсан тухай манай багш нар хичээлийн завсар чөлөөгөөр хуучилдаг сан. «Болдбаатар хятад хэлтэй юм чинь аягүй бол цаагуураа удам судрын хувьд сэжигтэй.» гэсэн утгатай энд тэндэхийн бичлэг, сэтгэгдлүүд дээр мэр сэр харагдаж л байдаг. Харин миний үеийн хятад судлаачид дээр бичсэнчлэн жинхэнэ «цэвэр цусны Монголчууд» байх магадлал маш өндөр юм шүү.

-Орчуулга хийж байгаад алдаа гаргаж “факталж” байв уу?

-Бээжинд анх синхрон орчуулганд ороод балмагдан сандарч, гацаж зогссон үе ч бий. Тэр үед төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж очсон Бавуугийн Лхагвасүрэн ах шогшрон халаглаж намайг зэмлэж байж билээ. Одоо эргээд бодоход намайг гайгүй орчуулагч болох зүг рүү хөтлөж, тэр талын барцад цөвийг гайгүй сайн үргээж өгсөн шиг санагддаг.

-Бидний хэрэглэдэг үгсийн сан улам цөөрсөөр байна. Орчуулагч хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюун сэтгэлгээ хоосорч ядуурахын хэрээр үгсийн сан илт цөөрч, хэл найруулга мохоо даржин болдог. Энэ бол зүй ёсны хэрэг л дээ. Үүнийг засч залруулах гол арга зам нь үндэсний монгол бичгээ нэн даруй сэргээн хэрэглээсэй гэж хүсдэг.

-Монгол бичиг сэргэчихвэл бид эх хэлний дархлаагаа авч үлдэнэ гэж үү?

-Олон зууны хөгжлийн явцад Монгол хэлний зүй тогтолд яв цав тохирсон гайхалтай боловсронгуй бичиг шүү дээ. Хэрвээ бид монгол бичгээ сэргээн хэрэглэж чадвал зөвхөн эх хэл төдийгүй соёлын дархлаагаа хадгалан үлдэхэд маш том нэмэртэй гэж боддог.

-Та өөрөө монгол бичгийг яаж сурсан юм бэ, бид ханандаа залах төдий л хандаад байна уу даа. Энэ тал дээр таны бодол?

-Эх оронч үзэл гэдэг их энгийн зүйлсээс эхлэдэг. Түүний нэг томоохон хэсэг нь монгол бичгээ сурч мэдэх явдал юм шүү гэж би нүүр номон дээрээ хүүхэд залуустаа хандаж байнга шахам уриалдаг. Би МУИС-т байхдаа Далхжав багшаараа анх Монгол бичиг заалгаж  байлаа. Тэр үед «Гучин хоёр модон хүний үлгэр» номыг анх уншиж байснаа санахад сайхан байна.  

-Та орчуулах номондоо ямар шалгуур тавьдаг вэ. Үзэж танихын хэрээр орчуулах ном, сонголт өөрчлөгддөг болов уу?

-Надаас хойш ямар ч цаг үеийн хүмүүс уншиж л байдаг тийм сонгодог бүтээлийг сонгож орчуулах юмсан гэдэг бодолтой явдагаа нуух юун. Ер нь аливаа уран бүтээлчид бүгд л надтай адилхан бодол санаатай явдаг байх аа. Мэдээжийн хэрэг аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан бүтээлээс зайлсхийж аль болох гэгээлэг, уншигчдын оюун санааг тэтгэн тэжээх бүтээл орчуулахыг хичээдэг.

-Орчуулах ном бүтээлээ гараараа бичдэг үү. Одоо ихэнх нь компьютер дээр л бичдэг болж дээ?

-Та миний асуултанд өөрөө хариулчих шиг боллоо. Би сүүлийн хорин хэдэн жил тувт компьютер дээр ажиллаж байгаа болохоор гайгүй шиг бичээчийн төвшинд хурдан шивж чадна шүү. Тэр хэрээр гараар бичих чадвар ер нь муудах тал руугаа хандсан. Эрхбиш гарын үсгээ монгол бичгээрээ бичих юм даа.

-Таны амьдралд хүчтэй нөлөө үзүүлсэн хүн эсвэл үйл явдал бий юу?

-Би амьдралын турш олон сайн багш нартай тааралдсан азтай нэгэн. Эргээд бодоход амьдрал өөрөө надад хамгийн том багш байсан санагддаг. Нэг удаа олон улсын арга хэмжээнд оролцоод явж байхдаа зочид буудлын хажуугийн ширээнд дээр байсан Библи барьж үзэж билээ. Коммунист үзэл суртлын шашингүй үзлээр хүмүүжсэн миний бие анх удаа ийм номтой учирсан нь тэр. Түүнийг тавьчихаад нөгөө тийш хартал «Бурхан багшийн гэгээн сургаал» судар байв. Нээгээд үзтэл миний эргэлзэж тээнэгэлзэж явдаг бүхний хариулт тэнд байсан. Учраа мэдэхгүй оюутан байхад нэг өрөөнд суудаг таван хэлтэй эрдмийн далай болсон эрхэм долоо хоногийн турш өдөрт нэг л хуудас ном уншуулж дөртэй болгож байлаа.

-Ямар ч их ажилтай байсан хойшлуулдаггүй зүйл?

-Ямар ч их ажилтай байсан өөрт төрсөн хүнд хэрэгтэй санаа оноо, уншиж судласан шинэ сэргэг мэдээллийг нүүр номын андуудтайгаа хуваалцахыг хичээж байдаг даа.

-Одоо ямар чиглэлийн ном бүтээл орчуулахаар төлөвлөж байна вэ?

-Хятадын эртний дөрвөн сонгомол романы гуравдугаарх нь болох «Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл» романыг хэвлэлд бэлтгэж байна.  «Гурван улсын үлгэр», «Усан хөвөөний шастир» хэвлэгдээд манай уншигчдын дуртай бүтээлүүдийн нэг болсон. «Улаан асрын зүүд» романыг уншигчдын хүртээл болгох алсын зорилго бий.

-Багадаа таны орчуулсан “Мөрөн голын шулам бүсгүй”, “Журамт бүсгүй” номыг шимтэн уншдаг байлаа. Ер нь орчуулгын ажил хэр их цаг авдаг вэ?

- Мөрөн голын шулам бүсгүй”, “Журамт бүсгүй” хэмээх зэвсгийн эрдмийн роман тус бүрийг нь долоо хоногт багтааж орчуулж байсан. Залуу цагийн эрч хүчинд тийм хурдан хийдэг байж дээ. «Чонон сүлд»-ийг хорин зургаан хоногт орчуулсан гэхээр ер нь хурдан талдаа орчуулдаг.

-Залуусыг заавал уншаасай гэж боддог ном зохиолоосоо нэрлэвэл хэр урт жагсаалт гарах бол?

-Ер нь нэрлэвэл уншууртай ном олон доо. Өөрийгөө гайгүй сайн уншиж судладаг гэж боддог хүний хувьд «Гурван улсын үлгэр», «Усан хөвөөний шастир», «Тансан ламын үлгэр» зохиолуудыг заавал уншвал зүгээр шүү. Тус бүр 2000 гаруй хуудастай эдгээр номнуудыг уншчихсан байхад амьдралыг бүхэлд нь нэг удаа тойроод аялчихсан мэт сэтгэгдэл төрнө. 

-Ширээний номоо нэрлэнэ үү. Яагаад шимтэн уншдаг вэ?

-«Очир огтлогч» судар.  Миний өдий зэрэгтэй чамгүй их зүйлийг ухаарахад гол түлхэц өгсөн оюуны ундарга нь яахын аргагүй энэ алдартай судар болохоор байнга уншиж боломжтой үедээ тарнийг нь амандаа урьж байдаг даа.

-Мэдээлэл авдаг эх сурвалж?

-Монголынхоо телевиз, тэр дундаа «Блүүмбэрг»-ийг хааяа үзэх дуртай. Гадаадаас бол «Си Си ТВ», Хонконгийн «Галт шувуу» телевизийг үздэг. Гол нь мэдээллийн багтаамж талаас нь хараад байгаа хэрэг.  Бас Хятадын цахим сүлжээнүүдийг /сайтыг/ гүйлгээд харчихдаг. «Америкийн дуу хоолой» радио, «Уолл стрийт» сэтгүүлийн цахим сүлжээг завтай үедээ уншина.