Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнээ эх орондоо авчирлаа.

Өнөөдөр БНСУ-с 16.20 цагт ирсэн эдгээр иргэдээс 50 хүнийг Цэргийн госпитал, Энх саран сувилалд 184 хүнийг тусгаарлажээ.

Харин COVID-19 вирусын халдварын голомт гэгдээд буй Дэгү, Пусанаас ирсэн 10 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж буй зорчигчид болон онгоц, тээврийн хэрэгсэлүүдэд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тус онгоцоор ирсэн зорчигчдын тээшийг халдваргүйжүүлэлт хийсний дараа хүлээн авагчдад утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгохоор журамлагджээ.


Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлан ажиглана. Зорчигчдод анхны үзлэг, шинжилгээ буюу халуун үзэх, асуумж бөглүүлэх ажлыг нислэгийн явцад МХЕГ-аас томилогдсон хилийн хяналт шалгалтын байцаагч нар хийж гүйцэтгэсэн байна.