ВАШИНГТОН. /CNN/. “Coca-Cola” компани түүхэндээ анх удаа спиртийн агууламж бүхий ундаа гаргахаар болсон бөгөөд уг шийдвэр зөвхөн Японы хэрэглэгчдэд л хамааралтай аж. 

“Манай компани “Lemon-do” нэртэй спиртийн агууламж бүхий ундаагаа ирэх 10 дугаар сараас Японд худалдаалж эхлэхээр боллоо” гэж “Coca-Cola” компанийн хэвлэлийн төлөөлөгч "CNN" сувагт мэдээлжээ. 

Нимбэгийн амттай, 3-7 хувь хүртэлх гурван төрлийн спиртийн агууламжийн сонголттой уг ундааг Японы өмнөд нутгийн Кюшү арал дээр өнгөрсөн оны тавдугаар сард анх туршилтын шугамаар худалдаалж байсан юм.

"Японд худалдаалагддаг “chu-hi” хэмээх спиртийн агууламжтай хийжүүлсэн ундаанаас санаа авж, “Lemon-do”-г үйлдвэрлэхээр болсон" гэж “Coca-Cola” компанийн Япон дахь салбарын захирал Хорхе Гардюно хэлжээ. Мөн тэрбээр уг ундаа бусад улс орны хэрэглэгчдэд таалагдана хэмээн бодохгүй байгаа аж. 

Дашрамд дурдахад, “Coca-Cola” компанийн өөр нэгэн бүтээгдэхүүн олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа нь кофены амттай “Coca-Cola With Coffee” бөгөөд энэхүү ундааг 2019 оны эцэс гэхэд 25 орны зах зээлд нэвтрүүлнэ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг