НЬЮ-ЙОРК. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн цогцсыг далайд хаяж магадгүй гэж телевизийн CNN компани эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О'Брайен өмнө нь мөн “NBC” сувагт ярилцлага өгөхдөө, Аль-Бакригийн цогцсыг террорист “Аль-Каида” байгууллагын толгойлогч Усама бен Ладеныхтай адил далайд хаяж магадгүй гэж хэлсэн байна. 

2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк, Вашингтон хотуудад үйлдсэн халдлагын гол зохион байгуулагчид тооцогддог Усама бен Ладеныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн 2011 оны тавдугаар сарын 2-нд тусгай ажиллагаа явуулж, Пакистаны Абботабаде хот дахь гэрт нь устгасан билээ. Түүнийг цогцсыг Аравийн тэнгист хаясан юм.  

Америкийн цэргүүд аль-Багдадиг устгасан тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 27-нд мэдэгдсэн юм. “Лалын улс”-ын толгойлогчийн хамт тус бүлэглэлийн олон террористыг, мөн түүний олон хамсаатныг устгасан гэж Америкийн удирдагч мэдээлсэн. 

Тэрбээр мөн ОХУ, Турк, Сири болон Ирак улсад тусгай ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, ОХУ Сирийн зарим бүс нутгийн агаарын орон зайг АНУ-д нээж өгчээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, тус яаманд аль-Багдадиг устгасан талаар баттай мэдээлэл байхгүй байгаа бөгөөд Америкийн нисэх онгоцуудад Сирийн агаарын орон зайг нээж өгөөгүй байна.

Америкийн тусгай албаныхан “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийн байгаа газрын талаарх мэдээллийг түүний эхнэрүүдийн нэг болон зарлага элчийг энэ зун баривчилж, байцаасны дүнд олж авсан гэж “The New York Times” сонин мэдээлжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг