Монгол хүн сансарт ниссэн нь яах аргагүй мөнхөд дурсагдах түүхэн үйл явдал. Энэ үйл явдлыг зөвхөн Монгол хүн ниссэн төдийгөөр мэдээлэх нь өрөөсгөл. Монгол-Зөвлөлтийн хамтарсан нислэгийн үеэр монгол эрдэмтдийн судалгааны ажил сансар судлалд томоохон дэвшилт гаргаж байв.  

Тухайн үед биологи болон сансрын физикийн 30 орчим сорил, туршилтыг амжилттай хэрэгжүүлжээ. Эдгээр нь монголын байгаль орчин, ус цаг уур, хөдөө аж ахуй, уул уурхай, байгалийн нөөц судлалд үр дүнгээ өгсөн юм. 

Жишээлбэл:

1. Монголын газар нутгийг бүхэлд нь хамарсан зураглалаар хийснийг өнөөг хүртэл ашигласаар байна.  Уул ус тэмдэглэсэн энгийн зураг төдий биш газар доорх баялгийн хэмжээг ч тодорхойлдог онцлогтой. 

Монгол орны газрын эртний хагарал, бүтцийг олж, хоорондын огтлолцлыг тодорхойлжээ. Эдгээр огтлолцол дээр Эрдэнэт, Оюутолгой зэрэг асар их нөөцтэй орд газрууд оршдог юм. Түүнчлэн уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, монгол орны цэнгэг усны нөөцийг тогтоосон байна. 


2.  “Биоритм”, “Чацаргана” зэрэг биологийн туршилтуудыг хийжээ. 

Биоритм хэмээх туршилтын талаар хүний гавьяат эмч Л.Лхагваа “Туршилтаар сансрын нисгэгчийн биеийн үзүүлэлтүүдийг цаг тутамд хэмжиж хэдэн цагт ямар байна вэ гэх зэргийг судална. Туршилтын үр дүнд нисгэгчдийн мэдрэхүйн үйл ажиллагаанд гарч болох өөрчлөлт, элдэв саатлыг давах тэвчээр, физилогийн дасан зохицох чадвар зэрэг асуудлыг тайлбарлахад чухал нөлөө үзүүлсэн" хэмээв.

“Чацаргана” туршилтаар сансрын нислэгийн үед хүний бодисын солилцоонд чацарганы бэлдмэл хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготой байв. Чацарганыг сансрын нисгэгчдийн хоолны орцод оруулж, шинэ бүтээгдэхүүн боловсруулан гаргах талаар хамтарсан туршилт явуулсан. Туршилтаас үзэхэд чацаргана нь биологийн өндөр идэвхтэй, чанараа алдахгүй удаан хадгалагддаг, сайн чанартай болох нь батлагдсан .


3. Гэрлийн туйлшралыг хэмжих багажийг монголчууд өөрсдөө зохион бүтээсэн.

Тухайн үед сансрын хоолны туршилтыг хийж байсан академич Д.Рэгдэл “Туйлшрал” хэмээх туршилтыг нар, дэлхий хоёрын харилцан үйлчлэлд нарнаас ирж байгаа гэрэл яаж туйлширч байна вэ гэдгийг техник, технологид ашиглах зорилготой хийсэн. Гэрлийн туйлшралыг хэмжих багажийг монголчууд өөрсдөө зохион бүтээсэн. Ж.Гүррагчаа баатар сансарт ажиллахдаа тэр багажийг суурилуулж, гэрлийн туйлшралын өгөгдлийг тэмдэглэж ирсэн байдаг. Туйлшралыг хэмжих төхөөрөмж гаргаснаар Монгол Улс сансарт багаж техникээ туршсан 10 дахь улс болсон." гэж дурссан юм.